Салбарын шинэчлэл2 мин унших
“Эрүүл мэндийн төлөөх цэвэр эрчим хүчний үйл ажиллагаанд уриалах уриалга”-д гарын үсэг зурж, хамтран ажиллахаа илэрхийлэв

Өнөөдөр Эрүүл мэндийн сайд Э.Батшугар “Өрхийн түвшинд нүүрсний хэрэглээнээс үе шаттай татгалзах арга зам” үндэсний форумын нээлтэд оролцож, эрүүл мэндийн салбарын байр суурийг илэрхийллээ.
Сайд хэлэхдээ, Агаарын бохирдол бол зөвхөн байгаль орчны асуудал биш. Энэ нь хүн амын эрүүл мэнд, хүүхдийн өсөлт хөгжил, иргэдийн амьдралын чанар, хөдөлмөрийн бүтээмж, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилтэй шууд холбоотой нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2026 оны тооцооллоор Монгол Улсад гадаад болон өрхийн дотоод орчны агаарын бохирдолтой холбоотой нас баралтын түвшин 100,000 хүн амд 138 байгаа нь дэлхийн дунджаас өндөр үзүүлэлт юм.
Мөн ДЭМБ-ын Өрхийн эрчим хүчний түргэвчилсэн үнэлгээгээр Монгол Улсын хүн амын 59 хувь нь хоол хүнс бэлтгэхдээ цэвэр түлш, технологи ашиглаж байна. Энэ үзүүлэлт хотод 76 хувь, хөдөөд ердөө 22 хувь байгаа нь цэвэр эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж байгааг онцолсон юм.
Мөн өрхийн нүүрсний хэрэглээнээс үе шаттай татгалзах шилжилтийг зөвхөн түлш солих асуудлаар хязгаарлаж болохгүй. Сууцны дулаан алдагдлыг бууруулах, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, цахилгаан хангамжийн найдвартай байдлыг хангах, өрхийн амьжиргааны нөхцөл, төлбөрийн чадварт нийцсэн санхүүжилт, дэмжлэгийн механизмыг бүрдүүлэх шаардлагатай.

Тиймээс энэ асуудал нь зөвхөн эрүүл мэндийн салбарын бус, байгаль орчин, эрчим хүч, хот байгуулалт, барилга, орон сууц, нийгмийн хамгаалал зэрэг бүх салбарын бодлого, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг шаардсан үндэсний хэмжээний зорилт болохыг тодотгов.
Форумын хүрээнд “Эрүүл мэндийн төлөөх цэвэр эрчим хүчний үйл ажиллагаанд уриалах уриалга”-д гарын үсэг зурж, өрхийн түвшинд цэвэр эрчим хүчний хэрэглээнд шилжих үйл явцыг эрчимжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд нэгдлээ.
2027–2040 оны үе шаттай шилжилтийн замын зураглалыг боловсруулж, өрхийн нүүрсний хэрэглээнээс татгалзах, цэвэр түлш, цэвэр эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх урт хугацааны зорилт, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох юм.
