УИХ-ын үйл ажиллагаа2 мин унших
Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн ажилтнууд эрсдэл өндөртэй ажил хийдэг. Бусад улсад хариуцлагын даатгалд заавал хамрагдсан байдаг
УИХ-ын чуулганы /2026.11.05/-ны өдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн ажилтны тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулав.
УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан:
Эрүүл мэндийн ажилтан, эмч, сувилагч нар эрсдэл өндөртэй ажил хийдэг. Бусад улсуудад хариуцлагын даатгалд заавал хамрагдсан байдаг. Манай улсад хариуцлагын даатгалд яаж хамрагдах, хэрхэн хамрагдах гэдэг зүйл ямар ч зохицуулалт байхгүй. Өнөөдөр ажил үүргээ гүйцэтгэж яваад нэг эмч санамсаргүй алдаанаас болоод эрүүгийн ял хүлээж байна. Үүн дээр хэн анхаарал тавьж байгаа юм. Эрүүгийн ял хүлээж байгаа 2 гол шалтгаан л байна.
нэгт, гэм буруутай этгээд ял завших, ялыг эрүүл мэндийн ажилтантай хуваалцах зорилгоор. Нөгөө талаасаа нөхөн төлбөр гаргуулж авах зорилгоор. Энэ тохиолдлуудад хэн хэрхэн яаж нөхөн төлбөрийг барагдуулах вэ гэдэг зохицуулалт байхгүй. Эмч өөрөө өмгөөлөгчөө аваад ямар нэгэн нөхөн төлбөр гарах юм бол өөрөө үүнийгээ төлдөг. Эмч эмнэлгийн ажилтны цалин мөнгө хэд билээ хэн нэгний нөхөн төлбөрийг төлөөд байх мөнгө төгрөг байхгүй. Ялаар шийтгүүлээд явдаг. Тэгвэл хариуцлагын даатгалтай болсноор эмч эмнэлгийн мэргэжилтэнд анхаарал хандуулдаг хууль эрх зүйн байдал дээр дэмжлэг үзүүлдэг эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн холбоо бий болсноороо харин эргээд үйлчлүүлэгчид, иргэнд нөхөн төлбөрийг гаргаж өгөх боломжууд бүрдэж байгаа. Энэ хуулийн зохицуулалтууд маань илүү их эрүүл мэндийн ажилтан руугаа чиглэсэн. Үүнээсээ үүдээд иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээгээ ямар нэгэн төвөг чирэгдэлгүй авах, ямар нэгэн байдлаар эрсдэл учраад нөхөн төлбөр гарсан тохиолдолд үүнийг барагдуулах механизмуудыг бүгдийг тусгаж өгч байгаа.
УИХ-ын үйл ажиллагаа
