УИХ-ын чуулганы /2026.11.05/-ны өдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн ажилтны тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
Нэгт, Хуулийн төслийг зарим агуулгаар нь дэмжиж байна. Өөрөөр хэлбэл нөхцөлтэй. Хуулийг боловсруулахдаа хууль зүйн техникийн алдаа гарсан байна. Төрд байгаа ялангуяа ЭМЯ-нд байгаа Лайсенс буюу тусгай зөвшөөрлийн харилцааг мэргэжлийн холбоонд нь буюу өөрөө өөрийгөө удирдах салбарын байгууллагад нь өгч шинээр байгуулж байгааг дэмжиж байна. Яам тусгай зөвшөөрөлтэй оролцож байхаар бодлогоо тодорхойлох ёстой. Үүнийг дэмжээд байгаа боловч эрүүл мэндийн тухай хууль дээр байсан улсын эмнэлэгт ажиллаж байгаа эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын юмнуудыг хольж хутгаж орж ирэхээрээ нэгдсэн мэргэжлийн холбооны хууль юм уу эсвэл хувийн хэвшлийн хольчихсон байна. Үлдэх ёстой зохицуулалтыг нь хуульдаа үлдээгээд зөвхөн мэргэжлийн нэгдсэн холбооны хууль байвал болно. Ийм холбоодууд Монгол Улсад байна. Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо, Нотариатын танхим, Хөрөнгийн үнэлгээчдийн холбоо гээд. Тусгай зөвшөөрлийг олгох шалгалт эргээд тусгай зөвшөөрлийг олгох, сэргээх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, давтан сургалт, мэргэжлийн хариуцлагын асуудал гэдэг зүйлүүд дээрээ төвлөрч энэ холбоонууд ажиллаж байгаа. Гэтэл хаа хамаагүй бүх зүйлүүдийг хамж идчихье гээд явчихаар гишүүдийн бас болгоомжлол шүүмжлэл яваад байх шиг байна.
Мэргэжлийн нэгдсэн холбоо нь эрх зүйн статусууд ямар байгууллага болохоор оруулж ирж байгаа юм? Нийтийн эрх зүй этгээд мөн үү? Үүнийг ямар байдлаар оруулж ирж байгаа юм?.
Хоёрт, тусгай зөвшөөрлийг Мэргэжлийн нэгдсэн холбоонд шилжүүлье гэдэг үндэслэл шаардлагыг тоо стратегиар өгөөч. ЭМЯ нь тусгай зөвшөөрлийг өгөхгүй сар жилээр дардаг юм уу эсвэл үзэмжээрээ шийддэг юм уу ямар үндэслэлүүд гараад төрд байгаа чиг үүргийг мэргэжлийн холбоонд шилжүүлье гэдэг үндэслэл гарав. Үүнийг олон нийтэд нэг хэлж өгөөч. Үүнийг дагаад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжрах уу? Сайжирна гэсэн судалгаа хийгдсэн үү? Хуулийн төслийн үр нөлөөг судлахад ямар үр дүн гарсан бэ?. Лайсенстай буюу тусгай зөвшөөрөлтэй эрхэлдэг эмчээсээ эхлээд хүний бага эмчийг ойлгож байна. Эм найруулагч, эм зүйчийг тусгай зөвшөөрөлтэй гэж ойлгохгүй байна. Тусгай зөвшөөрлийг зөвхөн эмийн санд нь өгдөг гэж ойлгож байгаа. Лайсенстай буюу тусгай зөвшөөрөлтэй байхаасаа гадна огт хамааралгүй бусад эрүүл мэндийн ажилтны нэг холбоонд заавал байхыг хүчээр тулгаад байж болохгүй. Зөвхөн тусгай зөвшөөрөлтэйнүүд нь нэгдэх ёстой. Сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг бид орхигдсон, тогтолцооны хувьд ч орхигдчихсон. Сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл судлаач нарыг бэлтгэх энэ харилцаанд орж ирэх үү, цаашдаа статустай явах юм. Мэргэжлийн нэгдсэн холбооны санхүүжилт нь юу байх юм? Өөрөө өөрийгөө санхүүжүүлэх гээд байна уу улсын төсвөөс юм хараад байна уу. Гишүүдийн хэлээд байгаа үнэн мэргэжлийн хариуцлагын асуудлыг мэргэжлийн холбоо ярьж болно. Түүнээс биш сахилгын хариуцлага ярьж болохгүй. Сахилгын хариуцлагыг ажил олгогч ажилтны хооронд үүсдэг хөдөлмөрийн харилцаа. Үүнд ерөөсөө хамаа байхгүй. Нэг зүйл хийхдээ нөгөө бүх юмыг хамж шимж цуглуулаад юм хийнэ гэдэг байдлаар явчихаар холилдоод байх шиг байна. Үүн дээр ямар үндэслэлээр энэ харилцаануудыг нэг хууль дотор оруулаад ирэв ээ?