УИХ-ын үйл ажиллагаа2 мин унших
"Нээлттэй парламент" танхимд иргэдийн төлөөлөлтэй уулзлаа

УИХ-ын гишүүн Ж.Галбадрах “Нээлттэй парламент” танхимд иргэдийн төлөөллүүдтэй уулзаж, санал хүсэлтийг нь хүлээн авлаа.
Тэрбээр, өнөөдөр уулзалтад ирсэн иргэдийн маань 60 орчим хувь нь нийгмийн асуудлаа шийдвэрлүүлэх хүсэлтэй байлаа. Эдгээр иргэдийн дунд Төрийн ордны гадна 39 сарын хугацаанд машиндаа амьдарч буй эмэгтэй, Мормон шашны урсгалын улмаас хүүхэд нь хохирсон иргэн, ажиллаж буй шүдний эмнэлгээ стандарт бус барилгад үйл ажиллагаа явуулж байгааг шүүмжилснээр ажлаасаа халагдаж хохирсон эмэгтэй, УИХ-ын гишүүдэд хүсэлт хүргүүлж буй иргэдийн нэгдэл гэх мэт төлөөллүүдтэй уулзаж асуудлыг нь сонсож, ажиллалаа.
Мөн Боловсролын салбарын төлөөлөл, экспертийн минь хувьд зорьж ирж мэргэжлийн уулзалт хийсэн хүмүүс ч байлаа. Уулзалтын онцлох саналыг хуваалцъя:
"Ирээдүйн манлайлагч залуус" ТББ:
- Дохионы хэлийг ЕБС болон ИС-д зааж хэвшүүлэх. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хүн бүр ойлголцож чадна.
- Анхны тусламж болон гамшгаас хамгаалах сургалтыг илүү чанартай, сайн заадаг болгох.
Багш С.Батцэцэг:
"Номын сангаас НОБЕЛИЙН шагнал руу" санаачилгыг гаргаж, "1000 хүүхдийн номтой нөхөрлөх чуулга уулзалт"-ыг Төрийн ордонд 11 дүгээр сарын 25-нд зохион байгуулах тухайгаа танилцууллаа. Бидний зорилго нэг учраас энэхүү сайхан санаачилгыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
ШИМТ боловсрол STEAM EDUCATION компани:
STEAM хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна. Энэхүү хөтөлбөр нь хүүхдүүдийг багаас нь шинжлэх ухаанч, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, физик, байгалийн ухаан гэх мэт шинжлэх ухааны хичээлийг бодит хэрэглэгдэхүүн технологи суурилан заах тухай хөтөлбөр юм. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 600 цэцэрлэг, 200 гаруй ЕБС-ийн сургуульд хэрэгжиж байгаагаа танилцууллаа. Миний хувьд ийнхүү боловсролын цогц шийдлийг санал болгож буйд физикийн ухааны хүний хувьд маш талархалтай байлаа.
Энэ мэтчилэн сайн сайхан санаачилгуудыг сонсоход таатай байлаа. Өнөөдөр иргэдээс ирсэн саналуудыг холбогдох газруудад нь уламжлан ажиллах болно.




