Цэцэрлэг, Сургууль2 мин унших
Цэцэрлэгийн багшийн ажлыг хөнгөвчилж, хүүхэдтэй ажиллах цагийг нэмэгдүүлнэ

Боловсролын сайд Л.Энх-Амгалан сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эрхлэгч нартай уулзаж, салбарын шинэчлэл, цаашид хэрэгжүүлэх бодлого, цэцэрлэгийн удирдлагын манлайллын талаар ярилцлаа.
Бидний хувьд одоо цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна хүүхэд бүрд хүрч буй боловсролын чанарыг сайжруулах дараагийн шатны шинэчлэл чухал байгааг онцлов.

Тухайлбал,
ХИЙМЭЛ ОЮУНЫ ТУСЛАХ БАГШИЙГ НЭВТРҮҮЛНЭ
Ирэх сараас эхлэн СӨБ-ийн багш нарт зориулсан хиймэл оюуны туслах багшийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Цэцэрлэгийн багш нарын өдөр тутмын бичиг цаасны ажил, төлөвлөлт, тайлан бэлтгэх зэрэг давтагддаг ажлыг бодитоор хөнгөвчлөх нь энэ шийдлийн гол зорилго. Багш хүн тайлан бичихэд бус, хүүхэдтэйгээ ажиллахад илүү их цагаа зарцуулах ёстой.
Хиймэл оюун багшийг орлохгүй. Харин багшийн ажлыг хөнгөвчилж, бүтээмжийг нь нэмэгдүүлэх туслах хэрэгсэл болно.
БАГШИЙН АЖЛЫН БАЙРАН ДЭЭРХ ТАСРАЛТГҮЙ СУРАЛЦАХ ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛНЭ
Багшийн хөгжил нэг удаагийн сургалтаар хязгаарлагдаж болохгүй. Багш нар ажлын байран дээрээ тасралтгүй суралцаж, арга зүйгээ сайжруулж, туршлагаа хуваалцдаг тогтолцоо хэрэгтэй байна.
Үүнийг цэцэрлэгийн удирдлагууд манлайлан зохион байгуулж, багш бүрийн мэргэжлийн хөгжлийг дэмжих ёстой.
ЦЭЦЭРЛЭГ БҮР ЭРҮҮЛ, НОГООН, ХҮРТЭЭМЖТЭЙ, АЮУЛГҮЙ, УХААЛАГ ОРЧИНТОЙ БОЛНО
Ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлж буй энэхүү үзэл баримтлалыг цэцэрлэг бүрд бодитоор хэрэгжүүлэх шаардлагатай.
Эрүүл орчин гэдэг нь хүүхдийн хоолны илчлэг, шим тэжээлийг зөв тооцохоос эхэлнэ. Агааржуулалт, эрүүл ахуйн шаардлага хангасан тоглоом, тоног төхөөрөмж, хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй материал, аюулгүй анги танхим, тоглоомын талбай бүгд энэ шаардлагад хамаарна.
Цэцэрлэг өөрөө хүүхдийн хувьд хамгийн аюулгүй орчин байх ёстой.
Хүртээмжтэй орчин гэдэг нь ялгаатай хэрэгцээтэй хүүхэд бүр суралцаж, хөгжих боломжтой байхыг хэлнэ. Харин ухаалаг орчин гэдэг нь технологийг хүүхдийн нас, хөгжлийн онцлогт тохируулан зөв ашиглах тухай юм.
ХҮРТЭЭМЖИЙН АХИЦАА ЧАНАРААР БАТАТГАНА
Гурван жилийн өмнө нийслэлд хүүхдээ цэцэрлэгт хамруулахын тулд сугалаа сугалдаг байсан бол өнөөдөр таван настай хүүхдийн цэцэрлэгт хамрагдалтыг 96 хувьд хүргэж, 100 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна.
Энэ бол хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд гарсан томоохон ахиц. Одоо бид энэ амжилтаа сургалтын чанар, хүүхдийн хөгжлийн үр дүнгээр бататгах ёстой.
Цэцэрлэгийн эрхлэгч нарын үүрэг зөвхөн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах биш. Хүүхэд бүрийн хөгжил, багшийн мэргэжлийн өсөлт, эрүүл аюулгүй орчныг хариуцсан манлайлагч байх явдал юм.
Бидний зорилго бол хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах төдий биш. Цэцэрлэгт хамрагдсан хүүхэд бүр эрүүл, аюулгүй орчинд сурч, хөгжиж, сургуульд суралцах бэлтгэлээ хангах боломжийг бүрдүүлэх юм.

