НҮБ2 мин унших
НҮБ-ын Хүн амын сантай хамтран ажиллана

НҮБ-ын Хүн амын сан нь манай Засгийн газартай олон жилийн турш үр дүнтэй хамтран ажиллаж, хүн амын хөгжил, нөхөн үржихүйн эрүүл мэнд, жендэрийн тэгш байдлыг хангахад үнэтэй дэмжлэг үзүүлж ирсэн билээ.
Манай улсад төрөлт буурч, насжилт болон хотжилт хурдтай нэмэгдэж байна.
ГБХНХ-ын сайд Т.Аубакир Хүн амын сантай дараах 4 чиглэлээр хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх хүсэлтэй байгаагаа НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улсыг хариуцсан суурин төлөөлөгч надиа Рашидад уламжиллаа. Үүнд:

Бодлого, төсвийг судалгаатай уялдуулах (DRR үнэлгээ)
Хүн ам зүйн тэсвэрлэх чадавхын үнэлгээний (DRR) үр дүнг Засгийн газрын урт хугацааны бодлого, төсөв, хөрөнгө оруулалтын шийдвэртээ бодитоор ашиглах нь бодит бодлого гарахад тус дөхөм болох болно. Мөн албан хаагчдыг дата мэдээлэлд суурилж бодлого боловсруулдаг чадварт сургахад хамтран ажиллах;
Эмэгтэйчүүдийг дэмжих ба Асрахуйн эдийн засаг (Care Economy)
Манай яамнаас "Эхчүүд, эмэгтэйчүүдэд зориулсан нийгмийн цогц үйлчилгээний хөтөлбөр"-ийг баталсан. Цаашид ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асрах хэрэгцээ улам нэмэгдэнэ. Гэтэл өнөөдөр эмэгтэйчүүд гэртээ цалингүйгээр хүн асрах хөдөлмөр эрхэлж байгаа нь тэдний орлого, амьдралын боломжийг хязгаарлаж байна. Тиймээс залуу эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд болон цалингүй асаргаа хийж буй хүмүүст тохирсон үйлчилгээний загвар гаргах, мэргэжилтнүүдээ чадавхжуулахад хамтран ажиллах;
Мэргэжлийн зөвлөгөө ба Санхүүгийн урьдчилсан тооцоолол
Шинэ хуулиудын хүрээнд халамжийг хөдөлмөр эрхлэлттэй уялдуулж, зорилтот бүлгүүдэд оновчтой хүргэхэд олон улсын зөвлөхүүдийн туслалцааг авах зэоэг болно. Ялангуяа хүн амын шинэ тооцоололд үндэслэн насжилтаас үүдэлтэй ирээдүйн тэтгэвэр, асаргааны санхүүгийн ачааллыг урьдчилан тооцоолоход мэргэжлийн дэмжлэг авах;
Гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах, хохирогчдыг хөл дээр нь босгох
Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчдод урт хугацааны нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, тэднийг бие даан амьдрах чадвартай болоход нь туслах чиглэлээр олон улсын сайн туршлагыг нэвтрүүлж хамтран ажиллах тухай саналаа хэллээ.
Суурин төлөөлөгч Надиа Рашид НҮБ-ын 8 дахь Улс орны хөтөлбөр /2028-2032/-төө эдгээр саналуудыг тусган хамтран ажиллахаа илэрхийллээ.
