Түүх, уламжлал2 мин унших
Мэндчилгээ

Нийт Монгол түмэндээ өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу МОНГОЛ БАХАРХЛЫН өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 820 жилийн ой, Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын хүндэтгэлийн чуулган хуралдлаа.
Монгол хүн болж төрсөндөө, өвөг дээдсийнхээ бүтээсэн агуу түүх, өв соёл, тусгаар тогтносон эх оронтой байгаадаа бид бахархдаг.
Гэхдээ Монгол бахархал гэдэг зөвхөн өнгөрсөн түүхээрээ омогшихын нэр биш. Харин өвөг дээдсийнхээ үлдээсэн үнэт өв, төрт ёсны уламжлалыг эрхэмлэн хамгаалж, өнөөдрийн Монгол Улсаа хөгжүүлэн, ирээдүй хойч үедээ ямар улс орныг өвлүүлэх вэ гэдгээ ухамсарлахын нэр юм.
Их эзэн Чингис хааны түүхэн өвөөс бид эв нэгдлийг хангаж төр улсаа төвхнүүлэх ухаан, хууль цаазаа сахин биелүүлж сахилга хариуцлагатай байхын ач холбогдол, алсын хараатай, холч бодлогын үнэ цэнийг танин мэддэг. Олон овог, аймгийг нэгэн зорилгын дор нэгтгэн хүчирхэг төр улсыг байгуулсан түүх нь үндэсний эв нэгдэл, нэгдмэл зорилго улс орны хүчирхэг байдлын үндэс болдгийг өнөөдөр ч бидэнд сануулсаар байна.
Өнөө цагт энэ өвийг үргэлжлүүлэх бидний үүрэг бол тусгаар тогтнолоо бататгах, төрийн засаглал, хууль ёс, шударга ёсыг бэхжүүлэх, үндэсний язгуур эрх ашгаа эрхэмлэн, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг цогцлоох явдал юм.
Бид түүхээрээ бахархахаас гадна түүхээ бүтээх ёстой. Өвөг дээдсийнхээ байгуулсан улсыг улам хүчирхэг, шударга, хөгжил дэвшилтэй улс болгон үр хойчдоо өвлүүлэх нь өнөө үеийн бидний эрхэм үүрэг байх ёстой.
Эвтэй Монголын хүч, эрх чөлөөт Монголын үнэ цэнэ, ирээдүйдээ итгэлтэй Монголын хүсэл тэмүүлэл үеийн үед бадрах болтугай.
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ!
Мөнх тэнгэрийн дор
Монгол Улс минь үүрд мандан бадрах болтугай!
Хүндэтгэсэн,
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ҮҮРИЙНТУЯА
Эх сурвалж:
Vip76.mn