Хамтын ажиллагаа3 мин унших
Махны экспорт, мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэв

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат ОХУ-д айлчилж, ХАА-н орлогч сайд М.В.Маркович, Евракийн эдийн засгийн комиссын сайд А.А.Слепнёв нартай уулзаж, махны экспорт, мал эмнэлгийн салбарт хамтын ажилагааны талаар уулзалт хийв.

Энэ 11 дүгээр сарын 3-ны өдрөөс Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн тэмдэглэлт ойг тохиолдуулан Монгол Улсын төлөөлөгчдийн хамт хоёр орны найрсаг харилцаа, сайн хөршийн түншлэлийг бэхжүүлэх арга хэмжээнд оролцов. Мөн ОХУ-ын Хөдөө аж ахуйн орлогч сайд М.В.Маркович, Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны асуудал хариуцсан сайд А.А.Слепнёв нартай албан уулзалтууд хийж, худалдааны хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, махны экспорт болон мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагааны асуудлуудыг нарийвчлан хэлэлцлээ.
Оросын Холбооны Улсын Хөдөө аж ахуйн орлогч сайд М.В.Марковичтэй уулзалт хийлээ
Монгол, Оросын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны хүрээнд шүлхийн вакциныг ОХУ-ын «ВНИИЗЖ»-тэй хамтран Монгол Улсын Биокомбинат ТӨХХК-д үйлдвэрлэх асуудлаар хандав. Мөн худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр ОХУ-аас Монголын мах, махан бүтээгдэхүүний импортод тогтоосон түр хязгаарлалтыг эргэн харах, мал, амьтны гаралтай бүтээгдэхүүнийг Оросын нутгаар дамжин өнгөрүүлэх зөвшөөрлийг «Аргус» цахим системээр шуурхай зохицуулах асуудлыг хэлэлцлээ. Мөн Монгол Улс, ОХУ-ын хооронд 1993 онд байгуулсан ургамал хамгаалал, хорио цээрийн салбарын хамтын ажиллагааны хэлэлцээрийг шинэчлэх, үр тариа, тосны болон тэжээлийн таримлын үр үржүүлэг, хөрсний судалгаа, усалгаатай газар тариаланг хөгжүүлэх, мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хамтран ажиллахын зэрэгцээ ОХУ-аас хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж худалдан авах хамтын ажиллагааг сэргээхээр харилцан санал солилцлоо.
Дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойн арга хэмжээнд оролцов
УИХ-ын дэд дарга, Монгол Улс - Оросын Холбооны Улсын парламент хоорондын бүлгийн дарга Б.Пүрэвдорж, Улсын Их Хурлын гишүүн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Ганзориг нарын Монгол Улсын төлөөлөгчдийн хамт 11 дүгээр сарын 5-нд Москва хотноо болсон Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойд зориулсан хоёр орны найрсаг харилцаа, сайн хөршийн түншлэлийг бэхжүүлэх арга хэмжээнд оролцлоо. Мөн манай төлөөлөгчид «Метрополь» зочид буудал дахь жанжин Д.Сүхбаатарын хүндэтгэлийн самбарт цэцэг өргөв.
Евразийн эдийн засгийн комиссын сайд Худалдааны асуудал хариуцсан А.А.Слепнёвтой уулзав.
11 дүгээр сарын 6-нд Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны асуудал хариуцсан сайд А.А.Слепнёвтой уулзав. Уулзалтын үеэр сайд Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийн хэрэгжилтийн явцыг танилцуулав. Хэлэлцээрийн хүрээнд хөнгөн үйлдвэрийн 264 нэр төрлийн бүтээгдэхүүнийг татварын хөнгөлөлттэйгөөр экспортлох боломж бүрдсэн. Үүнээс 112 нэр төрлийг Монгол Улсад үйлдвэрлэдэг тул ноос, ноолуурын нэхмэл, сүлжмэлийн салбарын экспортыг нэмэгдүүлэх боломж нээгдэж байна. Мөн хүнсний 74 нэр төрлийн бүтээгдэхүүн тарифын хөнгөлөлтөд хамрагдсан боловч хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш цөөн төрлийн хүнсний бүтээгдэхүүн экспортод гарч байна.
Тарифын хөнгөлөлтийг бодит экспорт болгон хувиргахад малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний хорио цээр, стандарт, лаборатори, үйлдвэрлэлийн хүчин чадал, логистик болон зах зээлийн бэлэн байдал зэрэг нь нөлөөлөгч хүчин зүйл болж байгаа талаар дурдаж, худалдааг өргөжүүлэхэд анхаарч шийдвэрлэвэл зохих 5 суудлыг дэвшүүлэв.
Тухайлбал, Евразийн эдийн засгийн холбооны худалдааны түр хэлэлцээрийн боломжийг бодит экспорт болгоход тулгарч буй асуудлуудыг дурдав. Тухайлбал, малын өвчинтэй холбоотой импортын хязгаарлалт, мал эмнэлэг, хорио цээрийн хамтын ажиллагаа, гишүүн орнуудын нутгаар дамжин өнгөрөх тээвэрт гарч буй саатлыг шийдвэрлэхэд комиссын дэмжлэгийг хүслээ. Мөн транзит зөвшөөрлийг гишүүн орнууд харилцан хүлээн зөвшөөрөх, мэдээллийг шуурхай солилцох зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатайг онцлов.


