Газар тариалан2 мин унших
Дотоодын бордооны харьцуулсан туршилтыг амжилттай зохион байгууллаа

Тариалангийн хөрсний үржил шим жил ирэх тусам буурч байна. Сүүлийн шинжилгээгээр манай тариалангийн талбайн 92 хувь нь азотоор, 96 хувь нь калиар дутагдалтай байгаа нь тогтоогдсон. Иймд энэ жил дотоодын үйлдвэрлэгчдийн бордоог хээрийн нөхцөлд туршиж, үр дүнг нь бодитоор тогтоохоор ажилласан юм.
Туршилтыг хоёр байршилд хийсэн. Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн Дархан-Уул аймгийн Хонгор суманд, Хөдөө аж ахуйн их сургуулийн Төв аймгийн Борнуур сумын туршилт судалгааны талбайд тус тус явуулав. Дүн нь урам зоригтой гарлаа.

Буудай, рапс, төмс, шар лууван гэсэн 4 төрлийн тарималд органик болон эрдэс бордооны үйлчлэлийн нөлөөг судалж, хяналтын хувилбартай буюу бордоогүй тарималтай харьцуулсан. Ингэхэд:
Шар лууван. Хяналтын бордоогүй талбайгаас Азобор-8 бордоогоор бордсон шар лууван 87.6 хувиар нэмэгдүүлж, бараг хоёр дахин өсгөсөн.
Рапс. “Промон трейд” ХХК-ийн мах, ясны гурил бордоогоор бордоход рапс 55.6 хувиар өссөн.
Буудай. Хонгор суманд Бона ясны бордоо ургацыг 34.8 хувиар, Борнуур суманд “Эко тайхи” ХХК-ийн компост бордоо 32.7 хувиар нэмэгдүүлсэн.
Төмс. Шимт бор гумины бордоо ургацыг 30.9 хувиар нэмэгдүүлсэн дүн ирүүлээд байна.
Энэ жил хавар хүйтэн, хуурай, зун аадар бороотой хүнд жил байсан. Ийм нөхцөлд ч бордоот талбайн ургац тогтвортой өндөр гарсан нь чухал үр дүн юм.
Монгол бордоо Монгол хөрсөнд үр дүнтэй байгааг туршилт харууллаа. Гэхдээ бордоо бүр таримал болгонд адилхан үйлчлэхгүй тул тариалан эрхлэгчид таримлынхаа онцлогт тохирох бордоог сонгох нь чухал. Цаашид эрдэмтдийнхээ үгийг сонсож, туршилтыг үргэлжлүүлэх, бордоо тус бүрийн зохистой тунг тогтоон, тариаланчдад зөвлөмж хүргэх болно.



