Онцлох мэдээ4 мин унших
П.Ганзориг: Салбарын хөгжилд чөдөр тушаа болсон дүрэм журмууд байна

Сэтгүүлч unursaikhan
Одоохон...
Онцлох мэдээ4 мин унших

Сэтгүүлч unursaikhan
Санхүүгийн зохицуулах хороо эрсдлээ бодож сайн хашиж, зохицуулалт хийсэн ч нөгөө талдаа салбарын хөгжилд чөдөр тушаа болсон дүрэм журмууд байна. Тиймээс нэн түрүүнд даатгалын хууль дүрэм журманд өөрчлөлт оруулсаны дараа хөгжлийг ярих ёстой.
Тухайлбал жолоочийн даатгалын хууль даатгалын компаниудыг алдагдалд оруулж байна. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаас харахад салбар тэр чигээрээ 500 сая төгрөгний алдагдалтай. Юунаас болж байна вэ гэхээр жолоочийн хариуцлагын даатгалын хохирол нөхөлтийн харьцаа нь 60-70 хувьд, зардал нь 40 хувьд хүрсэн явдал.
Тиймээс зохицуулалт хийж, сайжруулах ёстой. Дээр нь мэргэжлийн оролцогч нарын даатгалын хариуцлагыг сайжруулах асуудлуудыг шийдэх хэрэгтэй. Монголд хэд хэдэн даатгалын хууль байдаг ч хэрэгждэггүй. Тухайлбал Нотариатын тухай хуулийн тухай хууль, Үрийн тариалангийн тухай хуулинд заавал даатгуулах заалт орсон ч хэрэгждэггүй.
Хуулинд өөрчлөлт оруулах нь хугацаа шаарддаг ажил. Гэтэл сонгууль

болохоор жижиг хуулиуд гадуурхагдаад үлддэг. Сүүлийн үед манай улс уул уурхай гэж хошуурсанаас болж бусад салбарын өсөлт хөгжилт зогсох хандлага гарч байна.
Хөгжинө гэхээр компаниуд баяжина гэсэн үг биш. Даатгуулагчдын эрх ашиг хамгаалагдаж, чанартай бүтээгдэхүүнийг хямд үнээр авах боломжтой байх ёстой.
Банкны сектор даатгалын сектороос 100 дахин том. Монголд 15 арилжааны банк, даатгалын 17 компани бий. Гэтэл 100 дахин жижигхэн зах зээл дээр 17 компани өрсөлдөж байгаа нь хэт их өрсөлдөөнийг үүсгэдэг.
Өрсөлдөөн байх нь хөгжлийн түлхэц болдог ч зөвхөн үнийн өрсөлдөөний шуурганд бүтээгдэхүүний чанар, үйлчилгээ сайжрахгүй. Ялангуяа жижиг компаниуд ямар ч хамаагүй аргаар даатгал хийх гэсэн мэргэжлийн бус оролдлогууд хийх боллоо.
Даатгалын салбар бусад санхүүгийн үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудтай хамтрах ажлыг тодорхой болгох ёстой. Жишээ нь банктай хэрхэн ажиллахыг тодорхой болгохгүй бол банкуудын зуучлал нарийн хяналт зохицуулалтгүйгээс хүндрэлүүд гарч байгаа.
Томоохон нэг банк гэхэд орон даяар 500 гаруй салбартай мөртлөө цөөхөн хэдэн даатгалын компаниудын бүтээгдэхүүнийг борлуулах сонгон шалгаруулалтыг аваад даатгалын компаниудын салбаргүйг далимдуулж мөнгөөр уралдуулах болсон.
Өөрөөр хэлбэл банкны зуучлалыг хэт задгай тавьснаас болоод асуудал үүсч байна. Даатгалын үйлчилгээ талх зараад өнгөрөх хэрэг биш, бүтэн жилийн турш үйлчилдэг. Тиймээс банкны зуучлан зохицуулалтыг хянах хэрэгтэй.
Бас л хууль эрх зүйн орчинд очоод гацдаг. Хүртээмжтэй даатгалыг бид маш хямд өртгөөр, маш энгийн байдлаар авч чадахгүй байгаа. Иргэний тухай хуулийн 36 дугаар зүйлд зааснаар даатгалын гэрээ их хүндрүүлсэн зохицуулалттай учраас хууль эрх зүйгээр дэмжиж өгөхгүй даатгалын хүртээмж нэмэгдэхгүй.
Өнгөрсөн хугацаанд даатгалын салбар хөгжлөө гээд байгаа ч үнэндээ том байгууллагууд л даатгалд хамрагдсан. Иргэд даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг хангалттай түвшинд авч чаддаггүй. Нөгөө талаас иргэдийн даатгалын боловсролыг сайжруулахад нэлээд зүйлсийг хийх ёстой.

Гар утсан дээр суурилсан үйлчилгээг хөгжиж байгаа үед даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг онлайнаар зарах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Малайз, Филиппин зэрэг улсад даатгалын гэрээг энгийн карт болгочихсон.
Дуртай газраасаа худалдан авч болно. Хашаагаа, байшингаа даатгуулья гэвэл карт худалдаж аваад, кодыг нь хусаад, сайт руу нь холбогдож серийн дугаараар даатгалд хамрагддаг. Энэ туршлагыг Санхүүгийн зохицуулах хороотой ярьж эхэлж байгаа.
Улс орны нөхцөл хүнд байхад дахиад төсвөөс 300 тэрбумыг даатгалын компани байгуулахад зарцуулах гэж байгаа нь цамаан зан. Монголд ардчилсан гэх тодотгол явдаг ч яг үнэндээ социализмын үе шиг санагдах боллоо. Үндэсний даатгалын корпораци байгуулаад баахан мөнгө хийгээд, сонгуулиар тоглох вий гэхээс эмээж байна.
Төр маш олон зүйл рүү орж байна.