Үйл явдал3 мин унших
Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө энэ удаа юу амлав?

Ардчилсан нам 2016 оны Сонгуульд “Монгол хүн” мөрийн хөтөлбөрөө үргэлжлүүлж “Монгол хүн 2020” гэж нэрлэжээ.
Мөрийн хөтөлбөр нь Ажил орлоготой Монгол хүн, Эрүүл чийрэг Монгол хүн, Эрдэм боловсролтой Монгол хүн, Аюулгүй орчинтой Монгол хүн, Эрх чөлөөтэй Монгол хүн гэсэн таван бүлэгтэй, 15 зүйлтэй байна.
Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө улс орны эдийн засагт экспортын эзлэх хувь хэмжээг 2020 он гэхэд хоёр дахин нэмэгдүүлж, хоёр тэрбум долларт хүргэнэ гэж тусгажээ.
Тус намын мөрийн хөтөлбөр нь үндсэндээ одоогийн яамдын хэрэгжүүлж буй ерөнхий чиглэл, саяхан УИХ-аар баталсан ”,“Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль”-ийн ерөнхий санааг агуулсан байна.
Тухайлбал Аж үйлдвэр гэсэн хэсэгт Аж үйлдвэрийн яамны хэрэгжүүлж буй Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн агуулгыг тусгасан байна. Тодруулбал 2020 он хүртэл хүнсний үйлдвэрлэл, химийн аж үйлдвэр, хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлнэ гэжээ.
Одоо уначихаад байгаа уул уурхайн салбарын хувьд гацаанд орсон стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, экспортыг нэмэгдүүлнэ гэсэн байна.
Хөдөө аж ахуйн салбарын тухайд Биокомбинатыг социализмын үед ажиллаж байсан хүчин чадалд нь хүргэнэ, “Цахим малчин хөтөлбөр” хэрэгжүүлнэ, эрчимжсэн мал аж ахуйг дэмжих санг 70-аас доошгүй тэрбумын эх үүсвэртэй болгоно, бэлчээр өмчлөх эрх зүйн орчныг бүрдүүлнэ, “Монгол мах корпораци” байгуулна, “ХАА-н танхим” ТББ байгуулна гэх мэтийн заалтууд оржээ.
Хөдөлмөр эрхлэлтийн салбарт хөдөлмөрийн эрхлэлтийн даатгалыг бий болгоно, МСҮТ-ийн суралцагчдыг гадаадын өндөр хөгжилтэй орнуудад дадлагажуулна, “Ажилсаг төгсөгч” хөтөлбөр хэрэгжүүлнэ гэх зэрэг амлалтууд байна.
Зам тээвэр гэсэн хэсэгт олон улсын болон улсын чанартай авто зам дагуу 150- 200 км тутамд жолооч, зорчигчид үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн төвүүдийг байгуулах тухай тусгажээ. Мөн Алтанбулагаас Замын үүд хүртэл хурдны зам тавьж, бүх аймгуудад гудамж төслийг хэрэгжүүлнэ гэжээ. Түүнчлэн АНУ-руу шууд нислэгтэй болж, 15 аймгийг агаарын хөлөгтэй болгож, 160 гаруй сумд руу тогтмол нислэгтэй болно гэсэн байна.
Барилгын салбарт “ Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” боловсруулах, “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол”-ыг үе шаттай хэрэгжүүлэх юм байна. Түүнээс гадна бүх аймгийн төв болон 15,000-аас дээш хүн амтай суурин газрыг ХОТ болгоно.
Хүн ам, нийгмийн хамгааллын чиглэлээр жил бүр тэтгэврийг инфляцитай уялдуулан нэмэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадуудад зориулсан хөгжлийн ордонг нийслэл, орон нутгуудад байгуулж, хувийн тэтгэврийн даатгалыг хөгжүүлэхээс гадна ганц бие ахмад настныг хамтын тэтгэвэрт хамруулна гэж амлажээ. Мөн иргэн бүрийг эрүүл мэндийн цахим карттай болгох юм байна.
Сүүлийн жилүүдэд орхигдоод байгаа эрүүл мэндийн салбарын тухайд жил бүр 300 эмч, 600 сувилагчийг гадаадад болон гадаадын эмч, мэргэжилтнийг дагалдуулан багаар нь төрийн сангаар сургах, 11 аймагт оношлогоо эмчилгээний төв байгуулах, Монгол Улсыг элэгний Ц вирусгүй дэлхийн анхны улс болгох, иргэд эмнэлгийн бүх төрлийн мэдээлэл, магадлагаа, онош, эмчилгээ, жорыг ТҮЦ машинаас авдаг болгох гэх мэт амлалтууд оржээ.
Боловсролын салбарт одоо хэрэгжиж байгаа боловсролын хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх гадна бага ангийн багшийн цалинг хоёр дахин нэмж, дэлхийн ТОП 100 сургуульд сурах оюутнуудын тоог нэмнэ гэжээ.
Аялал жуулчлалын салбарын чиглэлээр “ХОТ АЙЛ-ХОТЕЛ” хөтөлбөр хэрэгжүүлж, малчин өрх бүр жуулчин хүлээж авах боломжийг бүрдүүлнэ, ариун цэврийн дэд бүтцийг улс даяар байгуулна гэжээ.
Дэлгэрэнгүйг http://www.demparty.mn/
Сэтгүүлч davaadorj

