Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг 400 сая ам.доллар гэж хэн үнэлээд байгаа юм бэ? Худалдаж авчихаар нь 400 сая ам.доллар гэж үнэлээд байгаа юм уу? Эсвэл эдийн засгийн тооцооллоор ингэж үнэлэв үү?
Эрдэнэт үйлдвэрийг 400 биш 200 сая ам.доллараар худалдаж авсан бол яах вэ? Торгуулийн 100 сая ам.доллартайгаа нийлээд 300 сая ам.долларын ашигтай бизнес байвал яах вэ? Гүйлгээ бол бичилт хийж болно. Магадгүй Худалдаа хөгжлийн банк 300 сая ам.долларын ашигтай ажилласнаа тэмдэглээд сууж байгааг үгүйсгэхгүй шүү дээ.
Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Хөрөнгийн биржээр худалдья гэсэн санал зарим нэг хүн гаргаж байна. Тэгвэл хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргаж худалдсан чинь 250 сая ам.доллараар үнэлэгдвэл хэн хариуцлага хүлээх вэ? 400 сая ам.доллараар худалдаж авсан гэхээр нь 400 сая ам.доллар гэж ойлгоод байгаа юм уу?
Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хэдээр үнэлэх тухай Сангийн яам руу албан бичиг явуулсан. Компанийн үнэлгээг гаргадаг олон арга бий. Тухайн компанийн үндсэн хөрөнгөөс гадна газрын доорх баялаг, түүний өнөөдрийн үнэ цэнийг тодорхойлдог. Хамгийн сүүлийн байдлаар компанийн үнэлгээ ямар байгааг олон улсад нэр хүнд бүхий аудитын компаниар үнэлүүлэхэд 200 сая төгрөг хэрэгтэй гэсэн хариу ирүүлсэн.
Зөвхөн үйлдвэрийн цэвэр ашгийг харахад 2013 онд 182,9 тэрбум, 2014 онд 233 тэрбум төгрөг байх жишээтэй. Цэвэр ашгийн хэмжээг харахад ямар үнэ цэнэтэй үйлдвэр болохыг харж болно. Цагтаа Монгол Улсын төсвийг бүрдүүлж байсан, энэ том ААН-ийг Монгол Улсын Засгийн газар авахаас татгалзсан нь ард түмний эрх ашигт нийцүүлсэн үү? Тухайн үеийн Засгийн газар уг асуудлыг яагаад УИХ-аараа хэлэлцээгүй юм бэ?
УИХ-ын сонгууль дөхсөн, чуулган тарчихсан байсан буюу цаг үеийн хайчинд байсан гэсэн шалтгаанаар Монгол Улсаас нүүгээд явчихгүй ААН-ийг, байгалийн баялгийг хэн нэгэнд зарчихсан байгаа юм.
УИХ-ын ажлын хэсгийнхэн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшигчидтэй уулзаж байх үеэрээ “Монголын талд авчирсанд бид дургүйцээгүй. Зорилго нь аргаа зөвтгөдөггүй. Гол нь хууль зөрчиж, УИХ-ын бүрэн эрхэд халдаж, ард түмний үнэт баялаг болсон Эрдэнэт үйлдвэрийг худалдан авав?” гэдэг асуудлыг хөндөн тавьсан.