Монгол Улсын Үндсэн хуулийн 7 дугаар зүйлийн 1-д “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна”, 9 дүгээр зүйлийн 1-д “Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ “ гэж, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т “Төрөөс Монголын ард түмний эв нэгдэл, соёл иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэхийн үүднээс Монгол Улс дахь буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ. Энэ нь иргэд бусад шашин шүтэхэд саад болохгүй” гэж тус тус хуульчилсан байдаг.
Улс төрийн их хэлмэгдүүлэлтээр Монголын соёл, оюуны өв болсон Бурхны шашин, соёлын биет болон биет бус өвийг хамгийн ихээр устгаж, хойч үедээ үнэлж баршгүй хохирол учруулсан.
Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан Үндэсний аюулгүй байдлыг үзэл баримтлалын 3.1.4.8-д “Уламжлалт Бурхны шашин соёлыг сэргээн хөгжүүлж, сүм хийдийн үйл ажиллагааг нийгмийн оюун санааг гэгээрүүлэх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, ядуурлыг бууруулах, зовлон гамшигт нэрвэгдсэн хүн ардад туслалцаа үзүүлэх, байгаль орчныг хамгаалах үйлсэд чиглүүлэхэд төрөөс анхаарч, дэмжлэг үзүүлнэ”, 3.1.4.9-т “Монголын ард түмний олон зуун жилийн оюуны өвийг тээж, хадгалж ирсэн Монголын Бурхны шашны өв соёлын судалгааг төрөөс онцлон дэмжинэ” гэж заасан байдаг.
Уг хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улс Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид заасан уламжлалт шашинтай холбоотой заалтуудыг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдэнэ. Ингэснээр Бурхны шашны ном сургаалаар дамжуулан иргэдэд зөв амьдрах ухааныг түгээх, оюун санааг соён гэгээрүүлэх, Монгол ёс, зан заншлыг хойч үедээ өвлүүлэхэд чухал ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ
Эх сурвалж: