Үйл явдал3 мин унших
Шинэ технологи боловсруулж, өвөрмөц санаачилга гаргасан иргэдтэй уулзав

Одоохон...
Үйл явдал3 мин унших

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын өгсөн үүрэг даалгаврын дагуу хотын удирдлагууд иргэдийн санал, бодлыг сонсож, санаачилгыг үйл ажиллагаандаа тусгах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор иргэдтэй уулзаж байгаа юм. Уулзалтад Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Мэдээлэл технологийн газрын удирдлагууд оролцлоо.

Баянгол дүүргийн 18 дугаар хорооны иргэн, Монгол Улсын үндэсний зөвлөх, судлаач Г.Лхагвасүрэн “Цэвэр байгаль системчлэл” боловсруулснаа танилцуулж, нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Г.Лхагвасүрэн гуайн хувьд нийслэлийн 171 хорооны дэргэд Тохижилт, нийтийн аж ахуйн бичил төв байгуулах санаачилгыг танилцууллаа. Ийм төвийг хороо бүрд байгуулснаар айл өрхүүдээс гарч буй хог хаягдлыг ангилан ялгаад зогсохгүй багахан хэмжээний үйлдвэрлэл явуулж, цахилгаан эрчим хүч болон дахин ашиглахуйц ус үйлдвэрлэх боломжтой аж.

Хорьдугаар зууны Монголын дүрслэх урлагийн нэрт төлөөлөгч, уран зураач Балдуугийн Шарав буюу Марзан Шаравын дурсгалд зориулсан цогцолбор барьж, байгуулах газрын зөвшөөрөл хүсэж уулзсан хүн бол “Марзан Шарав хишигтэн” ТББ-ын тэргүүн Ч.Хишигчулуун байлаа. Түүний хувьд Марзан Шарав зураачийн алдар гавьяаг мөнхжүүлэх, олны дунд ам дамжин өнөөг хүрсэн буруу ташаа ойлголтыг залруулах хүсэлтээ илэрхийлсэн.
Д.Ихбаяр орлогчтой уулзсан удаах хүн бол Монголын бүтээмжийн төвийн дэд захирал Ц.Батбилэг. Тэрбээр танхимын болон цахим сургалтыг дэмжих смарт платформ бүтээж, хувийн хэвшлийн сургуульд хэрэгжүүлсэн туршлагаа танилцуулан, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад түгээх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Смарт платформыг “Эрин эверест интернэшнл” дунд сургуульд өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлсэн байна.
Энэхүү шинэлэг технологийг нийслэлийн хэмжээний бүх ерөнхий боловсролын сургуульд нэвтрүүлэхэд хөрөнгө санхүү хангалттай биш гэдгийг нийслэлийн удирдах ажилтнууд тайлбарлаад, эхний ээлжид төрийн өмчит нэг сургуулийг сонгон нэвтрүүлж, үр дүнг судлахаар тогтов. Монголын бүтээмжийн төвийн тухайд нийгэмд үйлчлэх ашгийн бус байгууллагын хувиар энэ ажилд санаачилгатай оролцохоо илэрхийлж байлаа. Харин Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, Нийслэлийн Мэдээлэл технологийн газрууд боломжит хувилбар, судалгааг хамтран гаргаж, үр дүнд хүргэхийг даалгав.