Үйл явдал6 мин унших
IT улсын их наяд төгрөг

УИХ-ын Инновац цахим бодлогын байнгын хороо гэж байх үед төрийн байгууллагууд өнгөрсөн хугацаанд их наядаар тоологдох мөнгийг мэдээллийн технологид зарцуулсан гэх мэдээлэл надад ирж, эксэл хүснэгт харуулж байсан ч тамга тэмдэгтэй албан тайлан олдоогүй.
Иймд баталгаажуулахын тулд Засгийн газар, ЦХИХХЯам руу албан бичгээр хандахад цаадуулд бэлэн нэгтгэсэн мэдээлэл байхгүй тул нэлээд хугацаа зарж байж хүснэгтлэн ирүүлж байв. Дашрамд дурдахад салбарын яамны өмнөх ба одоогийн удирдлагууд бүгд л хичээж ажилласан гэж боддог. Гэхдээ энэ бол бүртгэл, төсөв, улс төр, нам, салбар дундын ярвигтай асуудал.
Тэр хүснэгт дээрх нийлбэр нь 1 их наяд төгрөг. Үүнд Нийслэл ороогүй, төрийн өмчийн компаниуд ороогүй, хүчний байгууллага ороогүй байсан. Ямар ч байсан их мөнгө зарцуулсан нь илэрхий харагдсан.
ХЯНАЛТГҮЙ ХУДАЛДАН АВАЛТ
Мэдээллийн технологийн шийдлийг барилга шиг тоосго, цементийн тоо хэмжээгээр үнэлэхэд хэцүү. Энэ чинь аймаар нарийн программ, бүр ЭйАй-тай гэх мэтээр хөөрөгдсөн төсөв тусгуулж хувааж авах магадлалтай талаар сануулгууд ирж байв. Үүнээс сэргийлэхийн тулд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 29-д цахим систем худалдаж авахаасаа өмнө төсөвт өртөг нь бодитой эсэх, давхардсан ижил систем, вэб сайтыг авахгүй байх зэрэг шалгуураар Яамнаас “зөвлөмж” авч бай хэмээн заасан байдаг. Энэ заалтыг хэр хэрэгжүүлж байн вэ гэдгийг салбарын яамд руу ИЦББХ-с асуулгасан. Ирсэн хариултаас харвал бараг хэрэгжээгүй байсан. Иймд байнгын хорооноос тогтоол гаргав. Агуулга нь “ЗӨВЛӨМЖ АВААГҮЙ БОЛ УЛСЫН ТӨСӨВ ОЛГОХГҮЙ БАЙХ”-ыг Засгийн газарт чиглэл болгов.
ТОДОРХОЙГҮЙ ХУДАЛДАН АВАЛТ
Төсвийн хэлэлцүүлгийн үеэр нийт хэдэн төгрөгийг “мэдээллийн технологи”-д зарцуулахыг тогтооход хүнд байв. Учир нь IT-г “тоног төхөөрөмж” ангилалд оруулчихдаг, тэнд нь сумын түргэний фургон машин, офисын принтер, цахим систем бүгд холилдсон. Иймд Байнгын хорооноос тогтоол гаргаж “Мэдээллийн технологи” гэх ангиллыг төсөв бодохдоо нэмэхийг Засгийн газар (Сангийн яам)-д чиглэл болгов.
Дээрээс нь кибер халдлагууд олон давтагдах болсон тул “кибер аюулгүй байдлын ангилал шаардлагатай” талаар Кибер аюулгүй байдлын үндэсний зөвлөл рүү бичиж, мөн Байнгын хорооны тогтоолд оруулав. Кибер аюулгүй байдлын Үндэсний төв, Нийтийн төв, Зэвсэгт хүчний төвд ажилласны дараа тийм дүгнэлт гаргасан юм.
Ухаандаа, үүнээс хойш хэдэн төгрөг Мэдээллийн технологид зарцуулж байгаагаа мэддэг болох, төсвийн үр ашгийг сайжруулах зорилготой юм.
НИЙСЛЭЛ 225 ТЭРБУМ ТӨГРӨГ
Сүүлд өнгөрсөн зун нийслэлээс Байнгын хорооны хуралд ирж мэдээлэл хийсэн. Хурлын үеэр хөөрхөн хүүхэлдэйн зурагтай гоё танилцуулга хийгээд байхаар нь “баярлалаа, одоо зогсооё, та бүхнээс өмнө ба одоо хэдэн ширхэг програм хангамж, цахим систем, мэдээллийн технологийн шийдлийг хэдэн төгрөгөөр худалдаж авсан, үүнээс хэд нь ажиллаж байгаа, хэд нь ажиллахгүй байгаа талаар бэлдэж байгаад танилцуулаарай” гээд хурлыг цуцалсан. Дараа намрын чуулганаар сонсохоор тохиролцсон ч Байнгын хороо татан буугдчихсан. Байнгын хороо татан буугдчихаар даргын үүрэг чөлөөлөгдөнө. Гэхдээ гишүүний хувиар Нийслэл рүү албан бичгээр хандаж мэдээлэл авсан. Нууж хаалгүй танилцуулж өгсөн. Өнгөрсөн 5 жилд 225 тэрбум төгрөгийн төслүүд хэрэгжсэнээс 210 тэрбум нь сүүлийн жилд хэрэгжиж байгаа юм байна. Энэ мэдээллийг Инновац, цахим бодлогын дэд хороон дээр сонссон юм. Энэ үеэр төсвийн үр ашгаас гадна Хотула апп, ногоон онооны талаар нэлээд ярилцсан.
БАЙНГЫН ХОРООГ СЭРГЭЭХ
2025 оны намрын чуулган эхлэхтэй зэрэгцээд УИХ-ын хэсэг гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг гарч дүгнэлт хийгээд, зарим байнгын хороодыг татан буулгасны дотор Инновац, цахим бодлогын байнгын хороо, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо багтаж татан буулгагдсан. Асуудлыг Эдийн засгийн байнгын хорооны Инновац цахим бодлогын дэд хороонд шилжүүлж, УИХ-ын гишүүн Ч.Анар даргаар нь сонгогдсон. Дарга нь өөрөө мэргэжлийн хүн, гишүүд нь хүчтэй хүмүүс боловч дэгээрээ дэд хороо эрх мэдэл багатай юм байна лээ. Миний хувьд Өргөдлийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд ажиллах болсон тул тус дэд хороонд ороогүй. Хэдийгээр би өөрөө дэд хороонд ороогүй ч Монгол Улс орчин цагийн дэлхийтэй хөл нийлүүлэхийг зорьж байгаа бол УИХ-аас шийдвэр гаргаж энэ байнгын хороогоо сэргээн байгуулах шаардлагатай гэж үзэж байгаа. УИХ-ын дарга өөрөө энэ салбарыг өмнө манлайлж ажиллаж байсан хүн нааштай хандах байх гэж найдаж байна.
ЭХЭЛСЭН АЖЛЫГ ДУУСГАХ
Байнгын хороо солигдож холигдсон ч УИХ-ын гишүүний үүрэгт ажил хэвээрээ байгаа тул ИЦББХ-ны үед байгуулсан Ажлын хэсгүүд санал дүгнэлтээ боловсруулаад, хэлэлцээд, хаах нь зүйтэй гэж бодож байгаа. Жишээлбэл Мэдээллийн технологийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт, Гадаадад байгаа монголчууд цахимаар сонгуульд оролцох талаар ажлын хэсгүүд бий. Энэ хүрээнд өчигдөр хуулийн асуудлаар хэлэлцүүлэг хийсэн. УИХ-ын гишүүдээс энэ удаад Ч.Анар, Ж.Галбадрах нар, мөн УИХ-ын даргын зөвлөх С.Тэнгис оролцов. Салбарын компаниуд, холбоод болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Сангийн яам, Эдийн засаг хөгжлийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мэдээлэл технологийн үндэсний паркийн төлөөлөл оролцсон.
IT БОЛ ТӨСӨВТ НАЙДСАН САЛБАР БАЙЖ БОЛОХГҮЙ
Бүтээлч залуусыг дэмжих том хууль батадсан. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих хуульд зааснаар НДШ нөхөн олгох, грант, дэмжлэг олгох зохицуулалтууд бий. Эх үүсвэрийг зааж өгсөн ч “мөнгө өгөхгүй” гээд ажиллахгүй байна. Засгийн газарт хүсэл зорилго нь алга. Энэ хуулиа хэрэгжүүлэхгүй бол залуучууд гадагш яваад дууслаа, үлдсэн нь улсын төсөвт найдсан үхмэл IT салбар болох нь.
Төсвөөс салбарыг дэмжих сайн хэрэг. Гэвч хаалттай, шударга бус байдал газар авбал салбарт шударга өрсөлдөөн үгүй болж, бүтээлч санаа үнэлэгдэхээ больж намтай нөхөрлөх нь илүүд үзэгдэж, эцсийн дүндээ үр ашиг буурч, гадаадад экспортлох энэ тэр мөрөөдөл хударна. Ялангуяа, Мэдээллийн технологийг дэмжих тухай хуулийн дагуу залуусыг урамшуулах гэхээр 10-аад тэрбум олдохгүй гээд хуулиа хэрэгжүүлэхгүй байгаа хэр нь хэдэн зуун тэрбумаар төсвийн худалдан авалт хийгээд, тэр нь тэр бүр үр ашиггүй байвал “нэг л юм буруу” гэдэг нь илэрхий.
Иймээс энэ салбарт анхаарал хандуулж, төсвийн үр ашгийг шалгаж, улсын төсөв, намын найз тойрсон биш эрүүл, өрсөлдөөнт байдлаар хөгжүүлэх нь Монголын ирээдүйд хэрэгтэй байна. Эргэн сануулахад одоогоор зарцуулсан мөнгөн дүн их наядаар тоологдоно.
1) Төрийн байгууллагуудын худалдан авалт сүүлийн 10 жил нийлбэр 1 их наяд гаруй ₮.
2) Нийслэлийн худалдан авалт сүүдийн 5 жил 225 тэрбум ₮, үүнээс 210 тэрбум нь сүүлийн жилд хэрэгжиж байна.
3) Төрийн өмчийн компаниуд хэдэн төгрөгөөр ямар програм хангамж авч байгааг бүү мэд!
4) Хүчний байгууллагууд “нууцын ангилалд” хэчнээн юм авч байгаа бүү мэд!
Эдгээрийг тодорхой болгож, дүгнэлт хийж, 2025 онд Байнгын хорооноос гаргасан төсвийн зарцуулалт, эдийн засгийн ангилал бий болгох тогтоолуудыг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Инновац, цахим бодлогын дэд хорооны дарга, гишүүд үүнийг анхаарч сонсгол хийж, дүгнэлт гаргах талаар ярьж байгааг дэмжээд, УИХ-ын гишүүний хувиар оролцоод явна.
Миний хувьд ИЦББХорооны дарга байхдаа өөрөө энэ салбарын хүн биш тул хөнгөн поп хандлага гаргаж төсвийн хяналтыг чангална гэж яваад торниж ядаж байгаа салбарт орох мөнгөн урсгалыг багасгаж, агшаах нөлөөлөл үзүүлэх вий гэж болгоомжилж байсан. Гэхдээ эцсийн дүндээ бүтээлч залуучуудад хүрч байгаа дэмжлэг байхгүй хэр нь тэдний мөрөөдөж үзээгүй мөнгөөр худалдан авалт хийгээд, тэр нь шударга бусаар хуваарилагдаж салбараа “бохирдуулаад” байвал өрсөлдөөн үгүй болж, залуус Монголд тогтохоо байж, биднээс хойно эхэлсэн ч одоо хэт урагш тасарчихсан “станы орнууд” руу нүүх вий. Юун Европ, Зүүн Ази байтугай энүүхэн хажуугийн Төв Ази биднээс тасарсан нөхцлөөр IT-г дэмждэг болсон байгаа. Иймд айж зоволтгүйгээр төсвийн хяналтыг сайжруулах нь зүйтэй гэж ойлгосон. Одоо бодох нь ээ ер нь дэлгэрэнгүй тайлбарлаж бичээгүй юм байна.




