Үйл явдал2 мин унших
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо

Одоохон...
Үйл явдал2 мин унших

Зөвлөгөөний эхэнд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай дүүргийн нутаг дэвсгэрт хийж байгаа ажлууд болон цаг үеийн нөхцөл байдлын талаарх товч мэдээлэл өгсөн юм. Тус дүүрэг нь нийслэлийн нийт газар нутгийн 25.5 хувийг эзэлдэг бөгөөд Улаанбаатар хотын хүн амын 23 орчим хувь нь амьдардаг. Нийт 1092 эмч, эмнэлгийн ажилтан дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Ахмадын эмнэлэг, 27 ӨЭМТ-өөр хүн амд эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж байна. Дүүргүүдийн удирдлагуудын зүгээс 2021 оныг “Иргэдэд ээлтэй, ногоон дүүрэг” болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа аж.
НЭМГ-ын дарга Б.Бямбадорж коронавирусийн халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм. Хэдийгээр иргэдийг дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдахыг уриалж байгаа ч дархлаажуулалтын хамрагдалт муу байна гэдгийг онцоллоо. I тунд нийт хүн амын 74.5, II тунд 70.7 хувь хамрагдсан бол дархлаа сэргээх нэмэлт буюу III тунд 11 хувь нь л хамрагдаад байна. Вирусийн эсрэг эмийн зах зээлийн нөөцийн судалгааг долоо хоног тутам гаргаж буй. Мөн ӨЭМТ-үүдэд зээлээр эм авах нөхцөлийг бүрдүүлжээ.

Хотын дарга ор дэлгэлт, эмч, эмнэлгийн ажилтны хүний нөөцийн талаар асуухад НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Баянзүрх дүүргийн шинээр ашиглалтад орж байгаа эмнэлэгт 150 ор дэлгэхээр ажиллаж байна. Яармагийн эмнэлэгт нэг, хоёрдугаар эмнэлгийн эмч нарыг дадлагажуулагчаар ажиллуулж байгаа. Эмч, эмнэлгийн ажилтнуудын нөөц дутагдалтай байгаа. ӨЭМТ-д резидэнт 239 эмчийг хуваарилснаас ирц 60 гаруй хувь байна” хэмээн хариуллаа.
Аравдугаар сарын 1-ний байдлаар ерөнхий боловсролын хоёр сургууль бүрэн, нэг сургууль хэсэгчилж цахим хэлбэрт шилжжээ. 12-оос дээш насны хүүхдүүдтэй 52, 12-оос доош насны 64 бүлэг цахим хэлбэрт шилжсэн. Мөн долоон цэцэрлэг бүрэн, 26 цэцэрлэг хэсэгчилсэн байдлаар цахим хэлбэрт шилжсэн. Үүнээс бэлтгэл 35 бүлэг, ахлах 36 бүлэг байна. Халдвар авсан нийт хүмүүсийн 19.4 хувийг хүүхэд эзэлж байгаа бөгөөд хичээл, сургуулийн орчноос халдвар авах нь бага байгаа тул сургалтын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бодлогыг БШУЯ-наас баримталж байгааг танилцууллаа.