Тиймээс хэрэглэгч гэж чухамдаа хэн бэ гэх үндсэн шаардлага, цахим худалдаа, койн, виртуал, цахим шилжилттэй холбоотой өөрчлөлтийг дагаж хуулийн төслийг шинэчлэн найруулах хэрэгцээ, шаардлага үүссэн юм. Энэ хүрээнд, УИХ-ын даргын захирамжаар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ ахлан ажиллаж буй.
Хэрэглэгчийн эрх хамгийн их зөрчигдөж байгаа хүнс, бараа бүтээгдэхүүн, эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээ, орон сууц болон барилга захиалга, төрөөс үзүүлж буй үйлчилгээ буюу нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, үүрэн телефон, IPTV, санхүүгийн салбар банк, банк бус, ломбард болон бусад харилцаа, шатахуун, гэрээний харилцаа гэсэн чиглэлүүдийг дурдаж болно. Тиймээс ажлын хэсгийн зүгээс хуулийн өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлгүүдийг шат дараатай зохион байгуулж, иргэд олон нийтээс санал асуулга явуулан ажиллаж байна.
Тодруулбал, “Хэрэглэгч, Орон сууц нийтийн аж ахуйн удирах газар, Сууц өмчлөгчдийн холбоо” дэд ажлын хэсгээс хэрэглэгч, иргэд, олон нийтийн хэлэлцүүлэг, уулзалтыг зохион байгууллаа. Уулзалт, хэлэлцүүлэгт оролцогчид сүүлийн жилүүдэд баригдаж буй шинэ барилга, хот тэлэлттэй холбоотойгоор Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, хэрэглэгч, Сууц өмчлөгчдийн холбооны хооронд үл ойлголцол багагүй гарах болсон гэлээ. Тухайлбал, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газраас мэргэжилтнүүд ирж байрны хана, шалыг эвдэж шугам сүлжээний гэмтлийг засчхаад, эргээд засаж тордолгүй Сууц өмчлөгчдийн холбоонд даатгаад орхидог байна. Энэ мэт хариуцах эзэнгүй орхигддог асуудлуудыг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тодорхой тусгах шаардлагатай талаар байр сууриа илэрхийлэв.
Түүнчлэн, 2024-11-27-ний өдөр ХЭРЭГЛЭГЧ-НИЙГМИЙН ДААТГАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.
УИХ-ын гишүүн, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажлын хэсгийн ахлагч Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ,
"Өнгөрсөн хугацаанд хэрэглэгчийн эрх ашиг маш ихээр зөрчигдөж ирсэн. Иймд хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар хэрэглэгч гэж хэн бэ гэдгийг тогтоохоос гадна өнөөдрийн нөхцөл байдал тохирсон, ирээдүйд үүсэх нөхцөл байдалд тохируулсан хуулийг зайлшгүй гаргах шаардлага үүсээд байна. 2003 оны хуулиар цахим худалдаатай холбоотой асуудал шийдэгдээгүй байдаг. Цахим худалдаанаас улбаатай хор хохирлын асуудал хэрэглэгчтэй холбоотой эрхийн асуудлыг хөндөр шаардлагатай. Хэрэглэгчийн эрх ямар байх ёстойг хуульд тусгайлан зааж өгөх ёстой. Мөн хэрэглэгчийн эрхийг 100 хувь хамгаалсан тэгш, хүртээмжтэй хууль байх учиртай. Энэ хүрээнд МУИС-ын хууль, зүйн сургуультай хамтран ажилласнаар хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн сүүлийн төслийг боловсруулсан. Цаашид энэ төслийг олон нийтэд хэлэлцүүлэх, цахимаар иргэдээс санал асуулга авах зэрэг арга хэмжээнүүд шат дараатай зохион байгуулагдана" гэв.
Эх сурвалж: