Я.Цэцэнзаяа:
Дахин төлөвлөлт хэнийг ч ядууралд хөтөлж болохгүй!
3 мин унших

Орон байр бол хүн аюулгүй, амар амгалан, нэр төртэй амьдрах орчин. Тиймээс шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийг толгой хорогдох оромж, өмч төдийхөн ойлголтоор хязгаарлах нь өрөөсгөл. Энэ бол НҮБ-ын ЭЗНСЭ-ийн олон улсын пактаар хамгаалагдсан амьдралын шаардлага хангасан түвшинд аж төрөх эрхийн тухай ойлголт юм.
Орон байртай байх эрх нь төрөөс иргэддээ орон сууц барьж өг гэсэн утга хэрхэвч биш бөгөөд угтаа төр тус эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангах үүрэгтэй бөгөөд хууль, эрх зүйн орчинд нь баталгаажуулж, хамгаалж өгөх үүрэг хүлээдэг.
Хөдөө орон нутгаас хот руу шилжих хөдөлгөөн огцом нэмэгдэж, гэр хороолол хяналтгүй тэлснээр дэд бүтэц хүрэлцэхээ больж, хуучин барилгууд элэгдэж эхэлснээр хот дахин төлөвлөлтийн асуудал хөндөгдөж эхэлсэн. Улмаар албан ёсны бодлогын түвшинд авч үзэх шаардлага бий болж 2018 онд Хот байгуулалтын тухай хууль, 2015 онд Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай, 2025 онд Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулиудыг тус тус баталсан.
Гэвч бодлогын уялдаагүй байдал, хууль тогтоомжийн хүний эрхийн хамгаалалт сулын дээр дахин төлөвлөлтийн төсөл хөтөлбөрүүд бүрэн хэрэгжихгүй зогсох, хэрэгжсэн ч наад захын амьдралын шаардлага хангахгүй байгаагаас үүдэн нөлөөлөлд өртсөн иргэд орон байргүй болох, газраа алдах, амьжиргаанаасаа салах, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал нь дордох, сэтгэлзүйн болон биеийн эрүүл мэндээрээ хохирох зэргээр эрхийн ноцтой зөрчилд орсон хэвээр байна.
Дахин төлөвлөлтийг хэрэгжүүлж буй төр, захиргааны байгууллагын төлөөлөл Улаанбаатар хотын Ерөнхий Архитектур Ч.Төгсдэлгэр 2025 онд “…2013 оноос хойш дахин төлөвлөлтийн 44 байршилд хэрэгжиж буй ихэнх төслүүдийн хэрэгжилт ХАНГАЛТГҮЙ буюу 3, 5, 10 хувьтай байгаа”-г үнэлжээ. Энэ бол төр үүргээ биелүүлээгүйн тод жишээ.
Үр дүнд нь дахин төлөвлөлтийн гоё ганган зурагны ард иргэд олноороо хохирч байна.
Гэтэл урьдын алдаа дутагдалаа засахын оронд “20 минутын хот”, Дэд төвүүд байгуулах бодлого, төлөвлөлтийн хүрээнд Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах зохицуулалтыг хуульчилж яаралтай горимоор баталсан нь уг асуудлыг өндөр цэгт нь хүргэсэн юм.
“Сэлбэ-Дэд төв”-ийн төсөл үүний тод жишээ болж байна.
Иргэнтэй гэрээ хийлгүйгээр газрыг нь дур мэдэн чөлөөлж барилгын ажлыг эхлүүлсэн; иргэдэд урьдчилсан, чөлөөтэй мэдээлэлтэй байдлаар хэлэлцээрт орох хангалттай цаг хугацаа, мэдээллээр хангаагүй; иргэдэд хөрөнгийн үнэлгээг нь бүрэн танилцуулаагүй; эх болон хуулбар хувиар нь өгөөгүй, нөхөн олговрыг шударгаар үнэлээгүй; гэртээ саадгүй нэвтрэх боломжгүй болгох зэргээр наад захын хэрэгцээ, тог, цахилгаан, интернэтийг нь тасалж үндсэндээ нүүхээс өөр аргагүй байдалд оруулсан бодит жишээнүүд бий. Энэ бол албадан нүүлгэлт буюу хүний эрхийн ноцтой зөрчил.
Мөн НҮБ-ын ЭЗНСЭ-ийн хорооноос нүүлгэн шилжүүлэлтийг хийхээс өмнө, хийх үед, хийсний дараа хүч албадлага хэрэглэхээс аль болох зайлсхийх, нөлөөлөлд өртсөн иргэдийг үр нөлөөтэй процедурын хамгаалалтаар хангах шаардлагатай гэсэн зөвлөмжийг улс орны засгийн газруудад өгсөн.
Гэтэл практикт худгийн эгчээсээ сонсдог, мессэжээр мэдэгдэл авдаг, эс бөгөөс огт зөвшилцөхгүйгээр, гэрээ байгуулалгүйгээр газрыг нь чөлөөлж, байшинг нь нурууж барилгын ажил эхлүүлдэг гашуун түүх давтагдсан хэвээр байна.
Тэгвэл бид хэрхэх вэ?
Бодлого боловсруулагч, төрийн албан хаагчид дахин төлөвлөлтийн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ хэнийг ч үл орхигдуулах, хэний ч амьжиргааг дордуулахгүй байх хүний эрхийн наад захын зарчмыг мөрдлөг болгон ажиллах шаардлагатай байна. Үүний тулд нийтийн ашиг сонирхлыг хангахын тулд нэг хүний эсхүл цөөнхийн эрхийг хуулиар хязгаарлан албадлага хэрэглэх нь зүй ёсны мэтээр ойлгох, тайлбарлахгүй байх, зөвшилцөлд хүрээгүй иргэдийг хөгжлийн тушаа гэж буруутгахгүй байх ёстой.
Хуулийн хамгаалалтыг баталгаажуулах хүрээнд Монгол Улсын эрх бүхий байгууллагаас холбогдох хууль, дүрэм, журмыг хүний эрхийн олон улсын эрх зүй, хэм хэмжээ болоод дотоодын бусад хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг хянаж, олон улсын хүний эрхийн хуулиар хамгаалагдсан орон байраар хангагдах эрхийн хамгаалалтыг цогцоор нь тусган, шинэчлэх шаардлагатай байна.
Бодитоор зөвлөлдөх зарчмыг хэрэгжүүлэх иж бүрэн, үр нөлөөтэй үндэсний тогтолцоог бий болгох нь нэн чухал болохыг энд онцолъё!

