Г.Эрдэнэзул:
Шүгэл үлээх зориг байгаа ч хамгаалагдах эрх зүйн орчин алга!
5 мин унших

“Зөвийг Шүгэлдэгчид ТББ” нь цар тахлын үед гадаадад гацаад эх орондоо ирсэн залуусын нэгдэл юм. Эх орондоо ирсэн цагаасаа л нийгмийн шударга бус байдал, хүний эрхийн зөрчил, авлигын тухай асуудлын хүрээнд "Эх орондоо л очихсон" баримтат киног санаачилж байсан.
Нэг ёсондоо, шийдвэр гаргагч нарын гаргаж буй шийдвэр бүрийн ард иргэдэд ямар хохирол учруулж, тэд ямар амьдрал туулдаг гэдгийг харуулсан баримтат кино гэж хэлж болно. Манай ТББ жилдээ 1-2 удаагийн том төслүүдийг нийгэмдээ хэрэгжүүлдэг. Тухайлбал "Үлдлээ", "Дэлхийн Монголчуудын төгөл", “Нөлөөтэй” "Шүгэл үлээх зориг" контент зэрэг төслүүдийг хийж хэрэгжүүлсэн. Нэг ёсондоо нийгэмд болж бүтэхгүй байгаа асуудлуудыг хэрсүү ухаантайгаар, соён гэгээрүүлэх замаар баримтат кино, контентоор дамжуулан олон нийтэд хүргэж байна.
Түүнчлэн “Зөвийг Шүгэлдэгчид ТББ”-ын залуус анх гадаад улсад ажиллаж амьдарч байхдаа ковидоос улбаатай хүний эрх зөрчигдөж буй талаар шүгэл үлээж байсан. Хариуд нь хэсэг бүлэг иргэд, улс төрийн амбицтай хүмүүс, зарим нэг төрийн байгууллага зэргээс маш их сэтгэл санааны дарамт, дайралт ирж байсан. Нэг ёсондоо нийгэмд шударга бус зүйлийн эсрэг шүгэл үлээснээрээ эргээд хамгаалагдах эрх зүйн орчин байдаггүй гэдгийг тэр үед мэдэрч, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль анх яригдаж эхлэсэн цагаас нь дэмжиж, дуу хоолойгоо хүргэж байсан. Гэтэл уг хуулийн төсөл батлагдахгүй явсаар хамгийн сүүлд УИХ-ын даргын 2024 оны 09 дүгээр сарын 05 ны 106 захирамжаар “Шүгэл үлээх журмын талаар хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан ч ордон дотроо замхарсан. Улмаар өнгөрсөн жил буюу 2025 оны намрын чуулган эхлэх үед Зөвийг Шүгэлдэгчид ТББ-ын залуучууд бид “Иргэн Та Хүч”Залуусын нэгдэл ТББ-ын залуучуудтай нэгдэн бусад төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээлэл, сошиал нөлөөлөгч нарыг уриалан хуулийн төслийн хүрээнд дуу хоолойгоо хүргэсэн юм. Ингэхдээ бид бүхэн Ерөнхий сайд, УИХ-ын 126 гишүүнд шаардах албан бичиг хүргүүлэн, 20 гаран УИХ-ын гишүүдтэй уулзаж, салбарын яаманд удаа дараа бичиг хүргүүлж ажилласан. Энэ хугацаанд засаг, төр солигдож тогтворгүй нөхцөл байдалтай байсан ч иргэний нийгмийн байгууллагын дуу хоолой “хүчтэй байдаг юм байна, гол нь тууштай байх нь чухал” гэдгийг ойлгосон.
“Зөвийг Шүгэлдэгчид ТББ” энэ жилээс нийгэмд нэн чухал хуулийн төслүүдэд анхаарч, бодлогын нөлөөлөл дээр фокуслаж байна.
Монгол Улсад хамгийн их тулгамдаж буй асуудал нь авлига. Төрийн дээд шатанд авлига цэцэглэсэн нь манай улсын хөгжилд чөдөр, тушаа болж байгаа нь нууц биш! Бид өдөр бүр улс төрчид хоорондын тэмцэл, хэрүүл маргааныг хардаг болж байна. Тэдгээр хүмүүс нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлуудыг шүгэл үлээх бус халаасандаа хийж албан тушаал, эрх мэдлийн төлөө хоорондоо талцаж наймаалцаж байна. Уг нь Монгол улсын авилгын асуудлыг олон улсын байгууллагууд судлаагүй биш судалчихсан, шаардаагүй биш шаардчихсан.

Олон улсын байгууллагаас Монгол Улсад авлигын индексийн шинэтгэлийн судалгаагаар “Жижиг авлига буурч байна. Төрийн байгууллагын авлига өндөр буй учир Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийг батлах ёстой” гэсэн зөвлөмжүүдийг хэд хэдэн удаа явуулсан. Гэтэл үүргээ гүйцэтгэх бус ажлын хэсэг байгуулж байна, удахгүй оруулна, батална,авлигтай тэмцэнэ гэх атлаа дундаас нь хаячхаад байна. Төрийн бус байгууллагууд Засгийн газарт хяналт тавих ёстой. Энэ хуулийн төслийг хэн нэгэн нь анхаарахгүй бол дараа жил дахиад хаягдана.
Шүгэл үлээхийг “ашиг” гэж харахаас илүү сайн сайхан ирээдүйн төлөө гэдэг өнцгөөр харж байна!
Миний хувьд Шүгэл үлээгчийн тухай хуулийг илүү өргөн цар хүрээгээр буюу нийтийн эрх ашиг гэдэг утгаар нь харж байгаа. Манай ТББ 9 дүгээр сараас авхуулаад шүгэл үлээгч хамгаалагдах ёстой гэдэг агуулгаар дуугарч эхлэхэд төрийн анхан болон дунд шатны байгууллагууд, өсвөр насныхан өөрт тохиолдсон шударга бус зүйлтэй холбоотой асуудлаар захидал, мэйл ихээр илгээж байна. Үүнээс харахад шударга бус зүйлийн талаар үг, үзэл бодлоо ил тодоор илэрхийлэх хэрэгцээ, шаардлага нийгэмд асар их байгааг илтгэж байгаа хэрэг. Тодруулбал,томоохон авлига гэхээс илүүтэй бэлгийн хүчирхийлэл, ажлын байрны биеийн хүчирхийлэл, ёс зүй,албан тушаалаа урвуулан ашиглах, гэх мэт асуудлууд зонхилж байна. Энэ бүгдээс харвал нийгмийн бүхий л давхаргад шүгэл үлээх хэрэгцээ шаардлага асар их бий. Хамгийн гол нь шүгэл үлээсэн иргэнд хамгаалагдах хууль, эрх зүйн орчин хэрэгтэй. Үүний тулд нэгдүгээрт хууль, хоёрдугаарт, нийгэм соёлын орчин буюу монголчууд биенээ ойлгож, хүлээн зөвшөөрч, дэмждэг байх нь нэн чухал байна. Зөвхөн хууль гэхээсээ илүүтэй нийгмийн нөлөөлөл, иргэдийн сэтгэл зүй, монгол хүний зан чанарт анхаарах хэрэгтэй гэдэг санаа.
Нийгэмд шударга ёс, бүх хүнд эрх тэгш үйлчлэх зарчим тогтоод ирвэл залуус эх орондоо үлдэнэ гэдэгт итгэлтэй байна!
Хөдөлмөрийн насны залуучуудын дийлэнх нь гадагшаа явах сонголтыг хийж байгаа. Харамсалтай нь цалин хөлс бага, эдийн засаг хүнд байгаа учраас эх орноо орхих сонголтыг хийдэг хэмээн улс даяараа туйлширдаг. Гэвч яг үнэндээ нийгмийн шударга бус болон улс төрийн тогтворгүй байдал, боловсролын чанар, хүртээмж тааруухан, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа зэрэг шалтгаанаар залуус гаднын улсыг зорьж байна. Магадгүй нийгэмд шударга ёс, бүх хүнд эрх тэгш үйлчлэх зарчим тогтоод ирвэл залуус эх орондоо үлдэнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсад ТББ тогтвортой үйл ажиллагаа явуулна гэдэг амаргүй. Гэхдээ бид ямар нэгэн амбиц, ашиг сонирхолгүйгээр гагцхүү эх орноо гэсэн нэгэн сэтгэлээр өдийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна.

Энэ хүрээнд иргэд биднийг зориод өөрт тохиолдсон кэйсүүдээ ярьдаг ч олон нийтэд дэлгэхээсээ эргэлзэж, эмээх тохиолдол маш их. Үүнээс харахад хүн бүрт шүгэл үлээх зориг харилцан адилгүй юм билээ. Иймд нэн тэргүүнд тэдгээр хүмүүс маань хамгаалагдах эрх зүйн орчин бий болсны дараагаар гарч ирэх ёстой. Ер нь шүгэл үлээх зориг тухайн хүний зүрх сэтгэлээс гардаг шиг санагддаг. Ийм хүмүүс цөөнгүй байгаа ч гэр бүл, эргэн тойрны хүмүүс нь "чи больчхооч" л гэдэг. Иймд тэдгээр хүмүүсийн дэргэдэх хүмүүсийг үзэл бодлыг өөрчлөх хэрэгтэй байна. Үүний тулд бага багаар дасгахад бид анхаарч ажиллаж байна.
Дашрамд, шүгэл үлээх гээд чадахгүй байгаа хүмүүсийн хувьд төрд итгэдэггүй. Гэвч тэдгээр хүмүүст асуудлаа гадагшлуулж, ярих хэрэгцээ их байдаг. Улмаар иргэд төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудад хандах нь олонтаа. Ер нь төрийн хийх ажлыг зарим талдаа төрийн бус байгууллагууд илүү их хийдэг шиг санагддаг. Зөвийг шүгэлдэгчид ТББ иргэдийн асуудлыг зүгээр нэг сонсох гэхээсээ илүү “шийдэл” хайдаг. Энэ агуулгаараа шүгэл үлээгч нарт зориулсан цахим платформ нэвтрүүлэх ажлууд шат дараатай хийгдээд явж буйг дурдмаар байна.

