#Эксперт3 мин унших
З.Төмөртөмөө:
Б.Пүрэвсүрэн: Компани, иргэн хоёрын итгэлцэл дээр зохицуулалт хийж аль алиных нь эрхийг хангах нь төрийн үүрэг

НҮБ-аас манай улсад иргэдээ шаардлагад нийцсэн орон байраар хангахыг зөвлөсөн.
Энэ нь тансаг том байшин, эсвэл 5 ханатай гэр гэдгээс үл хамаарч эрүүл, аюулгүй, бие даасан байдлыг хангаж чадсан орчныг хэлж буй юм. Өөрөөр хэлбэл байгалийн болон нийгмийн эрсдэл буюу газар хөдлөхөд, үер урсахад, өвчин зовлон бий болоход таны орон байр эрсдэлд орох эсэхээр тодорхойлогддог.
Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцад дунджаар 15-120 өрх амьдарч байна. Тэд яг ижил орчин, нөхцөлд амьдарч байна гэсэн үг. Иймд нэгдсэн бодлого шаардлагатай. Үүнийг "Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК төрийг төлөөлөн хэрэгжүүлж, шаардлагад нийцсэн орон байраар хангахын төлөө ажиллаж байна.
Мэргэжлийн хяналтын байгууллага, улсын ахлах байцаагч нараас тухайн байр хүн амьдрах нөхцөлгүй, эрсдэл хүлээхээр болсон гэж дүгнэчихээд 10-аад жил болсон тохиолдлууд цөөнгүй. Энэ нь орчноо солих эрх зүйн гаргалгаа нь юу болохыг иргэд тэр бүр мэддэггүйтэй холбоотой.
Иймд СӨХ-д нь, сууц өмчлөгч иргэдэд дүгнэлтийг нь танилцуулаад, цаашид иргэд эвлэлдэн нэгдэх замаар Нийслэлийн Засаг дарга руу хандаж, амьдрах орчноо сайжруулах эрх зүйн гаргалгааг, нэг ёсондоо хууль танилцуулах ажлыг бид хийдэг.
Нөгөөтэйгүүр дахин төлөвлөхийн тулд хэрхэн чанартай аж ахуйн нэгжийг шалгаруулах вэ, процесст хэрхэн оролцох вэ гэж асуудаг иргэд ч бий. Үндсэндээ ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалтай орон байр төлөвлөх эрх зүйн мэдлэг, эдийн засгийн ойлголт буюу суурь мэдлэг иргэдэд хэрэгтэйг харуулж байна.
Иймд бид шат дараалсан сургалтууд хийж байна. Тухайлбал, ирэх сард ОБЕГ-тай хамтран НЗД-ын Захирамж гараагүй хэрнээ мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гарчихсан байруудын СӨХ-ийн дарга нарын дунд иргэд ямар эрсдэлтэй орчинд амьдарч байгаа талаар, мэдээлэл, зөвлөгөө өгөхөөр төлөвлөөд байна.
Эрсдэлийн дараах бухимдал, буруутгал ихэнхдээ төрийг чиглэдэг. Иймд энэ эрсдэлээс сэргийлэх нь бидийн үүрэг.
Эцсийн дүндээ НҮБ-аас гаргасан дүгнэлт, Монгол Улсын Үндсэн хуулийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, Хот дахин хөгжүүлэх хууль, дүрэм журмуудыг бүхэлд нь аваад үзвэл дахин төлөвлөлт нь бизнесийн үйл ажиллагааг дэмжихээс илүүтэй хүний эрхийг хангах суурь зарчмын хүрээнд төр үүргээ гүйцэтгэж буй үйл хэрэг юм.
Дахин төлөвлөлт удааширсан тохиолдлуудад гурван үндсэн шалтгаан бий.
1. Санхүүгийн чадамжгүй компани шалгаруулах
2. Дэд бүтцийн хүртээмжгүй газар дахин төлөвлөлт хийх
3. Иргэд эвлэлдэн нэгдээгүй буюу 1-2 иргэн ойлголцохгүй, тохиролцохгүй, гэрээ байгуулаагаагүйгээс шалтгаалаад төслийн үйл ажиллагаа удаашрахаар хаа хаанаа эдийн засгийн болоод цаг хугацааны эрсдэлд ордог.
Тэр дундаа санхүүгийн чадамжгүй компани нэг ёсондоо иргэдийг байр захиалгын хохирогчид болгож, хөлдөө чирдэг. Харин иргэдийн зүгээс төрөөс авсан батламжид итгэсэн, чадна гэж найдсан гэдэг. Ингэснээр тухайн компани нөлөөлийн иргэдээ ч тэр захиалга авсан иргэдээ ч хохироодог.
Иргэдтэй тохиролцох хугацааг 5 хоног, 50 хоног гэж заах нь тийм ч оновчтой зүйл биш. Төсөл хэрэгжүүлэгч компанид итгэх итгэлийг төрүүлэх нь тухайн компанийн үүрэг. Санхүүгийн чадавхид эргэлзээд байна гэвэл иргэдэд дэлгээд үзүүл, барилгын туршлагад найдахгүй байна гэвэл барилгуудаа харуул.
Манай компаниудын дунд сити тур хийдэг ААН-үүд бий. Тэд төсөлд шалгарсны дараа, гэрээ хийхээс өмнө иргэдэд хийсэн төслүүд дээрээ очиж танилцуулга зохион байгуулдаг. Туршлагаа нотолж байгаа нь тэр. Компани иргэн хоёрын итгэлцэл дээр төр зохицуулалт хийж иргэний болоод компанийн эрхийг хангах нь бидний зорилго.
Сонгон шалгаруулалтыг Нийслэлийн Засаг даргын баталж гаргасан үнэлгээний хорооны баг дээр түшиглэж хийдэг. Энэ шатанд санхүү, хүний нөөцийн боломж , туршлагын түүх, санал болгож буй төслийн зураг гээд бүх материалыг шүүн үздэг бөгөөд иргэд ч үүнийг үзэх бүрэн боломжтой.
Бид хэн нэгний орон байртай байх эсэх шийдвэрийг гаргаж буй гэдэгтээ маш хүндэтгэлтэй хандаж, хүнлэг байхыг зорьдог. Иргэддээ хүсэлт тавьж, уулзалт хийхийг урьдаг. Компаниудыг шилэн байхыг үүрэг болгодог. Биднийг зориод ирэхэд нэг иргэн ч байсан хүлээж аваад, асуудлаа нээлттэй ярилцдаг. Эцэст нь хэлэхэд дахин төлөвлөлтийн үйл явц нь бүхэлдээ хүний эрхийн төлөөх үйл хэрэг юм.

