Я.Цэцэнзаяа:
Г.Баасанжаргал: Шийдвэр гаргалт удаашрах үеийн алдагдлыг төсөл хэрэгжүүлэгч ААН хүлээдэг!
2 мин унших

Сүхбаатар дүүргийн 27 дугаар байрыг буулгаж, дахин барилгажуулсан “Зэт 64” төсөл нь нийслэлд хэрэгжсэн дахин төлөвлөлтийн төслүүдийн дундаас амжилттай хэрэгжсэн бүтээн байгуулалтаар шалгарсан.
Процессын хувьд 2021-2023 онд ковидын үе таарч 2, 3 талт гэрээг айл бүртэй тохиролцож байгуулах нь хамгийн том бөгөөд чухал ажил байсан. Байраа шинэчилье, аюулгүй, тухтай орчинд амьдаръя гэж үзэх хэсэг байхад яахаа мэдэхгүй эргэлзэх иргэд ч байна, мөн огт итгэл үнэмшилгүй иргэд ч бий. Дахин төлөвлөлтийн амжилттай хэрэгжсэн төсөл ховор байсан тул шийдвэр гаргахад хүнд байгаа нь мэдээж. Гэхдээ амжилттай хэрэгжсэний ар дээр харахад оршин суугчид маань сэтгэгдэл их өндөр байгаа.
Төсөл хэрэгжүүлэгч ААН-ийн зүгээс айлуудад байраа тохиролцсон хэмжээгээр өгөхөөс гадна урамшууллын метр квадрат, дээр нь түрээсийн төлбөр өгөх гээд зардал маш өндөр. Үүнийг нөхөхийн тулд 16 давхар барилга барьж нэмэлт захиалга авах зохицуулалтыг хийдэг.
Дахин төлөвлөлтийн үйл ажиллагаанд төрийн дэмжлэг байгаа хэдий ч шүүмжилмээр зүйл ч бий. Үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой зөвшөөрөл авах процесст төрийн байгууллагууд хоорондын уялдаа холбоо сул байдгаас аливаа шийдвэр гаргалтыг нэг нэгэн рүүгээ түлхэж цаг их алддаг. Ингэснээр төсөл удааширч санхүүгийн болоод, цаг хугацааны алдагдалд ордог.
Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй холбоотой асуудал нь компаниудад тулгамдаж байгаа бас нэг бэрхшээл болоод байна. Төсөл хэрэгжиж дуусаад гэрчилгээгээ гаргуулж авахаар Нийслэлийн Орон сууцны бодлогын газарт очиход нөлөөлөлд өртсөн 64 айлын хуучин гэрчилгээг 100 хувь дүгнэж, хүчингүй болгох шаардлага тавьдаг. Тэгтэл тухайн айлууд өмчийн маргаантай, өмчлөгч нь гадаадад амьдардаг, эсвэл хуучин гэрээний асуудлыг сөхөх зэргээр саад, бэрхшээлүүд бий болдог. Гэтэл бид хэдийн төр, иргэн, ААН хоорондын 3 талт гэрээгээ байгуулчихсан шүү дээ.
Үл хөдлөхийн гэрчилгээ гарчихвал банкны зээлд хамрагдаж байраа хүлээж авахад бэлэн айлууд олон. Үлдэгдэл төлбөрийн санхүүжилтүүд хүлээгдэж, санхүүгийн эрсдэлийг бид үүрч байна. Тэгэхээр яг энэ үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргах процессыг тодорхой бөгөөд оновчтой болгох шаардлагатай.

