Д.Оюунгэрэл:
Сурвалж бичигт төрийн хүний ёс суртахууны тодорхой хэлсэн байдаг
5 мин унших

Төрийн хэргийг эрхлэх хүний ёс суртахууны талаар ярихад тэр талаар оновчтой өгүүлсэн дорвитой бүтээлтэй танилцах хэрэгтэй. Тийм нэгэн бүтээл бол Данжуурын “Урлахуй ухааны шастир” болно. Тус зохиолд төрийн хэргийг эрхлэх хүний эрхэмлэвэл зохих үйл хийгээд ёс суртахууны талаар нарийн гаргаж тавьжээ.
Төрийн хэргийг эрхлэх хүмүүн бол “Гүн оюут, зөөлөн авирт, яруу өгүүлэгч, үнэнийг танигч, үг төгөлдөр” нэгэн байх юм. Тэрээр эрдэм номын мөрөөр амьдарч ирсэн, сайн мууг сайтар ялган үйлдэгч болохыг зохиолд тов тодорхой гаргажээ. “Хилэнг тэвчээд мэргэдийг шүттүгэй” хэмээн өгүүлсэн нь төрийн хэргийг эрхлэх хүн мэргэшсэн нэгэн байхаас гадна мэргэдийг шүтэж үйл хэргээ явуулахыг өгүүлсэн байна.
- "Хэрцгий ардыг номхотготугай
- Эрдэмтнийг өргөтүгэй
- Шударга явдлаар санг дүүргэтүгэй
- Өөрийн улс орныг тэтгэтүгэй" хэмээсэн нь ашид сайныг дага, эрдэм номыг шүт, шударга замаар яв, муу үйлийг бүү дага, харин түүнийг дар гэсэн утгыг илтгэнэ.
Түүнчлэн төрийн хэргийг эрхлэх хүний хувьд сэрэмжлүүштэй хүн бол “Эд дор дур ихт нөхөр” (эд мөнгөнд дурлагч) гэдгийг эх сурвалжид тодорхой гаргажээ. “Эд дор дур ихт нөхөр” бол үйл хэргийг ёсоор биш, харин буруу тийш заах нөхцөлийг бүрдүүлдэг байна.
"Хэцүү бэрхийг туулавч сайн зорилгоосоо битгий ухар.
Хилэн ихтэй омогтой нөхдийг хамтрагч нөхрөө болгосноор мунхгууд олширно" хэмээсэн нь өнөө цагт санууштай. Мунхагийг тэжээж дэлгэрүүлэх нь төрийн хүний хувьд гэмт үйлдэл мөн. Муу муугийн дотроос хамгийн муу үйл бол төрийн хэргийг эрхлэгч хүний хувьд муу нөхрийг шүтэх явдал юм. “Муутай үл зөвш. Муутай зөвшвөөс сайн өгүүлэвч гэм болно”.
Хэрвээ муутэй зөвшин, мууг даган явах аваас “бие дэх бөөс нь хүртэл гутаж үхэх” болохыг зохиолд илэрхийлснээр төрийн хэргийг эрхлэгч хүн хэнийг үзтэх, хэнтэй нөхөрлөх, хэнийг сонсох, улмаар хэрхэн биеэ авч явахыг өгүүлсэн байна. Муу нөхрийн үгийг сонсвол хүссэн үйл хэрэг хэзээ ч зорьсондоо хүрэхгүй. Үлгэрлэвээс яст мэлхий бич мэт болох тухай сануулжээ. Энэхүү санааг дараах байдлаар бататган ийн өгүүлжээ. Тухайлбал,
- “Хувь юугаа барахуйг хүсэгчид муу ардыг шүтмүй
- Язгуур үндсийг барахуйг хүсэгчид тэнэг хэргийг үүсгэмүй
- Тариаг барахуйг хүсэгчид ходоодны илч үүсгэмүй
- Хүслээр баларагсад хилэнцийг үл мэдмүй
- Нүднээ балайрсан дүрсийг үл үзмүй
Омгоор гэмийг үл үзмүй
Би хэмээх үзлээр мөн чанарыг үл үзмүй” хэмээн сургажээ. Мэдлэггүй, мунхаг харанхуй, төрийн хүний эзэмшвэл зохих үнэт зүйлийг эзэмшээгүй хүн (улс төрч) муу нөхрийг шүтэж, муу үйлийг үйлддэг, санаж сэрж явах язгуур үндсээ барж явдаг болохыг тус тус илэрхийлжээ. Төрийн хүний эзэмшвэл зохих үнэт зүйлийг биш, эд хөрөнгийг эрхэм болгох аваас ходоодны гал ихэсч (цадахаа мэдэхгүй), би хэмээх хүслээ дарж чадахгүй доройтдогийг ч мөн чухалчлан өгүүлсэн болно.
Нэгэнт муу явдлаар явагчид хувь заяагаа баллаж, ямагт муу юм сэдэн доройтон баларч, муу үйлтэй нэгэнт эвлэрэн дасч, ходоодоо тэтгэхээс өөр юмгүй улмаар үгүй болдгийг өгүүлжээ. Өнөө цагийн нэгэн дүр төрх бол шастирт өгүүлснээр “Нүднээ балайрсан дүрсийг үл үзмүй” явдал бодит болсон нь эмгэнэлтэй. Муу явдлаар үгсэн хуйвалдагчид нэг нэгнийхээ муу үйлийг үлгэрт гардгийн нэгэн адил үл үзэн, таатай сайхан буйгаа хэлэлцэн хуурах явдал мөн.
Мөн түүнчлэн арга зальтны зөөлөн үгсийг бүү сонс. Хорт сэтгэлтнийг нөхрөө болгон үгийг нь бүү дага. Тэдний үгийг сонсох аваас өөрт тус хэрэг хэзээ ч ирэхгүйн дээр өрөөл бусдад төвөг болох тул явдал үйлээ ямагт шинжих ёстойг сануулжээ. “Хэрвээ өөрийн ажил хэргийг сайтар биелүүлэхийг хүсвэл муу хүрээллийг бүү үүсгэ” хэмээсэн утга бүхий сургаал өнөө ч чухал ач холбогдолтойг илтгэнэ.
Эрдэмгүй хүнээр төрийн хэргийг бүү шийдүүл. Учир нь тэр бол ухсан нүх мэт. Харин эрдмээр баян хүн төрийн хэргийг эрхэлж байх учиртай. Учир нь тэр бол чийг дулаан бүрдсэн шимтэй хөрсөнд ургамал төвөггүй сайн ургадагтай адил үйлс ажлыг дэлгэрүүлж байдгийг илэрхийлсэн байна. Оюунгүй хүчээр юуг ч эс дийлнэ хэмээн сургасан сургаал утга төгөлдөр ажээ. Төрийн хэргийг эрхлэх нь баргийн хүний чадах алба биш тул түүнийг эрхлэх хүн бол эрдэмд гарамгүй, сайн үйлийн төлөө тэвчээртэй зүтгэх, олны эвийг олон дагуулах чадал төгс нэгэн байх юм.
Ойрын бодолд үл автах, зугаа цэнгэлд автахгүй байхыг “согтууруулагч муу оюуныг холд тэвчтүгэй” хэмээжээ. “Архинд согтоод өндөр модонд үл авиртугай” хэмээсэн нь төрийн хүний хувьд төрийн хэрэг эрхлэх хэмжээний мэдлэг туршлага хуримтлуулаагүй байж эрх мэдлийн амтанд орох нь аюултай болохыг өгүүлсэн хэрэг юм. Сармагчин өндөрт авирах тусам түүний бөгс нь улам тод харагддаг хэмээх үг байдаг. Өөрийн биеийг бүү магт. Өөрийн биеийг магтах нэгэн байх аваас тэр бол өчүүхэн дорд оюун билигт нэгэн болно гэдгийг тус бүтээлд хэлжээ.
Хаан хүн ямар байвал зохилтойг тус сударт: Хаан хүн өөрөө язгуур нь ариун, оюун нь гүн төгөлдөр, нөхөр нь (хамтран зүтгэгч Д.О) сэтгэгч, сэтгэл нь эелдэг, хамаг ард дагах энэрэл төгс, үйл хэрэг нь энэрэн нигүүлсэх, номын ёсонд мэргэшсэн, лам дор бишрэгч, хэрэггүй үгийг үл өгүүлэгч, жаргал зовлонг тэгш сэтгэн ухаарагч, халуун хүйтнийг үл ажрагч, ачаа даах нэгэн байх ёстой хэмээжээ. Хэрвээ ийм байж эс чадваас төрийн хэргийг даатгаж үл болохыг мөн сануулсан. Сэтгэлийг эндүүрэгч (Сайн, мууг үл ялгах. Д.О), мунхаг сэтгэлтэн, шунал тачаалдаа баригдагч, эд хөрөнгө, нэр алдарт дурлагч, үг нь худал, үйл нь шударга бус хүний биен дэх бөөс нь хүртэл гутаж үхмээр тул тийм хүн яахан төрийн хэргийг эрхлэх билээ гэдгийг нарийн гаргаж тавьснаараа тус зохиол чухал ач холбогдолтой юм.

