О.Сийлэгмаа:
Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн эрэлт хэрэгцээ өндөр байна!
4 мин унших

Миний хувьд Боловсролын зээлийн сангийн тухай асуудлыг хөндсөнөөс хойш буюу 2026 оны нэгдүгээр сард ажлаасаа чөлөөлөгдсөн. Энэ бол Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн эрэлт хэрэгцээ өндөр байгаагийн тод илрэл!
Тухайлбал, Боловсролын зээлийн сан /БЗС/ 2026 онд 146 тэрбум төгрөгийг эргэн төлүүлж гэмээ нь үйл ажиллагаа нь хэвийн хангагдах юм. Тодруулбал БЗС-ийн нийт 270 гаруй тэрбум төгрөгөөс 124 тэрбум төгрөг нь улсын төсвөөс, 146 тэрбум нь эргэн төлөлтөөрөө бүрддэг. Миний хувьд энэ асуудлыг хөндсөн нь ямар нэгэн албан тушаалтныг бус гагцхүү 2026 онд тус сангаас санхүүжилт авч суралцах суралцагчдын эрх ашиг зөрчигдөж байгааг хөндсөн! Иймд үр дүн гартал хэвлэл мэдээлэл, олон нийтийн дэмжлэг хэрэгтэй байсан учраас олон нийтэд хандсан.
Сэтгүүлчдийн асуултад улс төрч эсхүл тодорхой хүний нэр асуухаар "Тийм, зээлээ төлөөгүй журмаа зөрчсөн нь үнэн" гээд хэлчихээр л ажлаа өг гэж дарамталдаг!
2025 оны 10 сард сэтгүүлчид асуултдаа хэд хэдэн улс төрчдийн нэр хэлээд асуухаар нь "Тийм, зээлээ төлөөгүй, хүүгээ төлөөгүй, журмаа зөрчсөн нь үнэн” гээд хэлчихсэн. Улмаар хоёр сарын хугацаанд ажлаа өг гэдэг дарамт ирсэн! Нийгэм маань “шүгэл үлээх” гэдгийг маш зөв ойлгох нь чухал байна. Олны анхаарлыг татах гэдэг зорилгоор бус нэр томьёоны хувьд зөв байгаасай гэж боддог. Би өөр дээрээ жишээ аваад ярья. Миний хувьд 2020 оны 12 дугаар сард Боловсролын зээлийн сангийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа Боловсролын яамны газрын дарга руу “журам зөрчсөн санхүүжилтийг олгохгүй, голч дүнг гэрээн дээрээ заачихсан” гээд асуудал тавьтал өмнө нь олгож ирсний дагуу олго гэсэн!
Төрийн албаны тухай хуульд заачихсан байдаг. Тухайлбал албан тушаалтны хууль бус шийдвэрийг урьдчилан сануулах, зөвлөх, мэдээлэх үүргийг төрийн албаны хуулийн 37-д заачихсан. Миний хувьд үүсээд буй хууль бус асуудлыг шууд л олон нийтэд ил болгож сенсацлах гэхээсээ илүүтэйгээр өөрөөр яаж шүгэл үлээх вэ гэдэг дээр эхний найман сар гаруй хугацаанд явсан. Нэг ёсондоо ямар байдлаар шүгэл үлээх вэ гэдгийг нухацтай бодсон. Ингээд Боловсролын яамны ахлах мэргэжилтэн, газрын дарга, сайд, ЗГХЭГ, Ерөнхий сайд гэх мэт шат, шатны улсуудад төрийн албанд ажиллаж байхдаа албан ёсоор албан бичгээр буюу цахим шуудангаар хандсан. Нэг ёсондоо, тухайн албан тушаалтны буруу эсхүл зөв гэхээсээ илүү төрийн алба шат, шатандаа хуулийн хүрээнд баримтаар баталгаажуулсан журмаа мөрдөж ажиллах нөхцөлийг бүрдүүлээч ээ гэдгийг л шаардаж ирсэн. Ингээд жил гаруй хугацаанд ЗГХЭГ-ын даргаас Ерөнхий сайд хүртэл хүмүүст албан ёсоор хандаж явж байгаад ажлаасаа чөлөөлөгдсөн.
Шүгэл үлээнэ гэдэг нь заавал олон нийтийн анхаарлыг авахдаа биш хууль зөрчсөн үйлдлийг баримтаар баталгаажуулаад шийдвэр гаргах шатны байгууллагад хандах процесс юм.
Шүгэл үлээх гэдэг ойлголт бол нийтийн эрх ашгийн төлөө гэдэг хамгийн гол үндсэн зорилготой! Улс орон бүр нийтийн эрх ашгийн төлөө хууль, эрх зүйн актууд гаргачихсан байгаа. Тэрхүү эрх зүйн актыг л мөрдөж, хуулийн хүрээнд ажиллах ёстой. Иймд аль ч шатны төрийн ба хувийн хэвшлийн ажилтан албан хаагч, иргэн хэн ч бай хууль зөрчигдсөн тухай асуудлыг зоригтойгоор илэрхийлэх нь тухайн хууль, эрх зүйн актын хэрэгжилт хангагдах, дүрэм журам мөрдөгдөж буйн илрэл.

Түүнчлэн шүгэл үлээж, асуудал хөндсөн иргэний хэвийн буюу аюулгүй орчинд ажиллаж хөдөлмөрлөх эрх зүйн орчин бүрдэх нь нэн чухал. Учир нь хүний хөдөлмөрлөх эрх зөрчигдөхөөр тухайн хүнд стресс, сэтгэл санаа, эрүүл мэндийн маш том эрсдэл үүсдэг. Санхүүгийн хувьд ярих ч юм биш их туйлдана!
Иймд Шүгэл үлээгчийн эрхийг хамгаалах тухай хууль батлагдвал нэн тэргүүнд шүгэл үлээж буй хүний хөдөлмөрлөх орчин хангагдана. Хэвийн орчинд ажил, хөдөлмөр эрхлээд явж байгаа тохиолдолд хүний эрүүл мэнд, амьдралын баталгаанууд аяндаа хангагдаад ирдэг. Мөн эцсийн үр дүндээ татвар төлөгчдийн төлсөн мөнгө зөв, үр ашигтай, хяналттайгаар зарцуулагдахын сацуу нийтийн эрх ашиг хангагдана гэж харж байна.
Уг хуулийн төслийн гол зохицуулалт нь шүгэл үлээсэн иргэнийг 100 мянгаас 1.5 тэрбум төгрөг хүртэлх мөнгөн урамшуулал олгохоор заасан. Үүнийг шударга бус асуудлаар шүгэл үлээсний дараах хувь хүний эрх зүйн байдал дордохгүй юм гэдгийг баталгаажуулж байгаа гэж харж байна. Ингэхдээ шүгэл үлээсний хариуд урамшуулал тооцохдоо тогтмол мөнгөн дүнгээр бус индексжүүлэх байдлаар санхүүгийн асуудлыг оруулах нь зүйтэй гэж харж байна. Индексжүүлсэн байдлаар буюу үнэхээр баталгаажсан хууль бус орлого, үндэслэлгүй хөрөнгөжсөн хөрөнгийн дүнг илрүүлж чадсан бол орлогын тэдэн хувь гэх мэтээр оруулах нь зүйтэй!

