О.Сийлэгмаа:
Баримтгүй ёс зүйн дүгнэлт хүний хувь заяаг шийдэх ёсгүй!
6 мин унших

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон ёс зүйн дүрэм өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байна. Гэвч ёс зүйн зөрчил тогтоох, дүгнэлт гаргах ажиллагаа нь өөрөө хүний эрх зүйн байдалд нөлөөлж, захиргааны актын шинжийг агуулж буй сөрөг үр дагавар үүсгэдэг учраас заавал бодит баримт нотолгоонд суурилсан, олон талын оролцоотой, үнэн бодитой процесс байх ёстой.
Гэтэл практик дээр ёс зүйн зөрчил мөн эсэхийг тогтоох ажиллагаа хэт субьектив байдлаар явагдаж байна. Баримтыг бүрэн шалгаж, нөхцөл байдал, шалтгаан хүчин зүйлсийг нягтлахын оронд хувь хүний үзэмж, өс хонзонгийн сэдэл, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр давамгайлах тохиолдол цөөнгүй байна.
Ялангуяа дээд албан тушаалтны хууль бус шийдвэрийг эсэргүүцсэн, асуудал хөндсөн төрийн албан хаагчдын эсрэг ёс зүйн зөрчил гэх үндэслэл ашиглаж, ажлаас нь чөлөөлөх явдал түгээмэл байгаа.
Миний хувьд Боловсролын яамны Ёс зүйн дэд хорооноос гаргасан дүгнэлтийг шүүхэд өгч, шүүхийн шийдвэр манай талд гарсан бодит кейстэй хүн. Шүүхээс дараах үндэслэлүүдийг тогтоосон.
Нэгдүгээрт, ажил үүргээ гүйцэтгэж байхдаа өгсөн мэдээлэл нь ёс зүйн зөрчил болсон гэх үндэслэл тогтоогдоогүй.
Хоёрдугаарт, Боловсролын яамны Ёс зүйн дэд хороо баримтыг бодитоор нягтлан шалгалгүй, зөвхөн нэг талын мэдээлэлд тулгуурласан байсан.
Гуравдугаарт, хуульд хэрэглэсэн “гутаах”, “доромжлох” гэх үгийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн асуудал байсан.
Нийгэм, олон нийт төрийн албан хаагчдаас ёс зүйтэй байхыг шаардах нь зөв. Гэхдээ ёс зүйн асуудлыг тогтоож байгаа субьектүүд өөрсдөө хууль, хүний эрхийн суурь зарчмуудыг чанд мөрдөх ёстой. Учир нь ёс зүйн дүгнэлт нь тухайн хүний нэр хүнд, ажил хөдөлмөр, эрх зүйн байдалд шууд нөлөөлдөг.
Миний кейс Боловсролын зээлийн сангийн 2025 оны гадаадад суралцах иргэдийн сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаас үүссэн. Тухайн үед дээд боловсрол эзэмшихгүй, 4 дүгээр түвшний сертификатын хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргасан хөгжлийн бэрхшээлтэй иргэнд “шалгуур хангахгүй байна” гэх тайлбарыг ажлын хэсгээ төлөөлж өгсөн.
Үүний дараа тухайн хүн хоёр сарын турш олон нийтийн газар “ална, хядна- яаж явахыг чинь харна” гэх мэт үг хэлээр доромжлох байдлаар дарамт үзүүлж байсан атлаа яамны албан хаагчдын өмнө өөрийгөө хохирогч мэтээр тайлбарласан. Бодит байдал нь “Боловсролын зээлийн сан ЗГ-ын тусгай сан бөгөөд ЗГТСангийн хууль, Дээд боловсролын хууль зэрэг холбогдох эрх зүйн актааар зөвхөн дээд боловсрол эзэмшигчдэд санхүүжилт олгох” зохицуулалттай тул энэ заалтаар шаардлага хангахгүй гэж шаалгаруулалтад орцолцсон тухайн иргэн хасагдсан.
Боловсролын зээлийн сангийн дарга асан О.Сийлэгмаа:
Мөн ХБИ-ний ээж тухайн өдөр бүтэн хоёр цаг төрийн албан хаагчдыг ажил хийлгэхгүйгээр орилж, эмх замбараагүй байдал үүсгэсэн тул “өргөдлийг нь аваад, бичгээр хариу өгч асуудлыг шийдвэрлэ” гэж хэлсэн асуудлыг хүртэл “үл ойшоосон” гэх үндэслэл болгон яамны ёс зүйн дэд хороо дүгнэлт гаргасан байдаг. Энэ нь бодит нөхцөл байдлыг бус, хувь хүний үзэмжийг үндэслэсэн дүгнэлт болж хувирсан.
Өнөөдөр ёс зүйн зөрчлийн дүгнэлтийг зарим тохиолдолд хүнийг ажлаас чөлөөлөх хэрэгсэл болгон ашиглаж байгаа эрсдэл харагдаж байна. Миний хувьд сайдын чөлөөлөх тушаал гарахдаа Төрийн албан хаагчийн Ёс зүйн хорооноос ирүүлсэн албан бичиг болон ёс зүйн дэд хорооны дээрх шиг дүгнэлтүүдийг үндэслэсэн. Үүний хоёр дээр нь шүүхэд хандах боломж, хугацаа олголгүйгээр шууд шийдвэр гаргасан.
2025 оны 12 дугаар сарын 25-нд ёс зүйн дүгнэлтийг хүлээж аваад, 2026 оны 1 дүгээр сарын 2-нд буюу ердөө ажлын дөрөв хоногийн дараа ажлаас чөлөөлөгдсөн. Энэ хугацаанд дараагийн шатны Ёс зүйн хороо болон шүүхэд хандах бодит боломж олгоогүй.
Энд зөвхөн нэг хүнийг ажлаас чөлөөлсөн асуудал яригдахгүй. Үүний цаана Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд хууль эрх зүйн доголдол үүсэж, сонгон шалгаруулалтын процессыг хамгаалах, хууль ёсны байдлыг нотлох ажил тасалдсан. Үүний улмаас аудитын 9.3 тэрбум төгрөгийн зөрчилтэй холбоотой асуудлууд ч үүссэн. Тиймээс ёс зүйн асуудлаар буруу дүгнэлт гаргах мэт хуулийн бүрэн бус мэдлэг, нотлох баримтын бодит судалж шинжлэхгүйгээр буюу буруу хэрэглэсний хор уршиг нь зөвхөн нэг хүний ажил, нэр хүндээр хязгаарлагдахгүй, байгууллагын үйл ажиллагаанд хүртэл сөрөг нөлөө үзүүлдэг.
Мөн ёс суртахуун, ёс зүй гэсэн ойлголтын талаар нэгдмэл ойлголтгүй байгаа нь асуудлыг хувь хүний үзэмжээр шийдэх нөхцөл бүрдүүлж байна. Ёс зүйн дүгнэлтийн үйлчлэх хугацаа, тухайн дүгнэлттэй холбоотойгоор өөрийгөө хамгаалах боломж, өмгөөлөгч авах эрх зэрэг процессын баталгааг одоогийн хуульд тусгалгүй хангалтгүй орхижээ. Ёс зүйн дүгнэлт гарахаас өмнө холбогдогчид “танд ийм дүгнэлт гарах гэж байна, тайлбар гаргах уу, өмгөөлөгч авах уу” гэх мэт сонсох ажиллагааг бодитоор хэрэгжүүлэх ёстой. Гэвч практикт ийм ажиллагаа явагддаггүй.
Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааны зарчмыг олон байгууллагын Ёс зүйн дэд хороо бодитоор хэрэгжүүлдэггүй. Зарим тохиолдолд удирдлагаас “наад хүнээ явуул” гэх чиглэл өгөгдөхөд түүнд тохирсон баримт бүрдүүлэх байдлаар ёс зүйн асуудлыг ашиглаж байна гэх хардлага төрөхөөр нөхцөл үүсдэг.
Өнөөдөр бодит кейсүүд дээр ёс зүйн зөрчлийн дүгнэлтийн эсрэг шүүхэд ялж байгаа тохиолдол цөөнгүй байна. Энэ нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилт, хэрэглээнд ноцтой асуудал байгааг харуулж байна.

Нөгөө талаас УИХ-ын гишүүд чуулганы танхимд хэлсэн үгэндээ бараг хариуцлага хүлээдэггүй атлаа өөрсдөө бусдыг гүтгэх, нэр төрд халдах тохиолдол гаргадаг.
Жишээ нь нэр бүхий улс төрч чуулганы хуралдаан дээр “Сйилэгмаа шантааж хийсэн” гэж намайг гүтгэсэн бөгөөд энэ нь Монгол Улсын их хурлын тухай хуулийн 8.22-т “чуулганы хуралдаанд үг хэлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд халдахгүй байх”; мөн хуулийн 41.2-д “Гишүүн бусдыг гэмт хэрэгт холбогдуулан доромжлох, гүтгэхээс бусад тохиолдолд бүрэн эрхийнхээ хүрээнд нэгдсэн болон Байнгын, дэд, хянан шалгах түр хорооны хуралдаанд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор үзэл бодлоо илэрхийлж хэлсэн үг, дэвшүүлсэн санал, өөрийн санаачилсан хууль тогтоомжийн төсөл, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр оруулсан асуудлын төлөө бүрэн эрхийнхээ хугацаанд болон түүний дараа хуулийн хариуцлага хүлээхгүй” гэж заасныг тус тус зөрчсөн байдаг.
Мөн Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн “3.2.Бусдын нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн, хүндэтгэлтэй хандах, бусдыг гэмт хэрэгт холбогдуулан гүтгэх, доромжлохыг цээрлэнэ. 3.5.Чуулганы нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдааны дэг зөрчиж хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, хуралдаанд үг хэлэх, байр сууриа илэрхийлэхдээ бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдын нэр төр, алдар хүндийг гутаах, доромжлохыг хориглоно” гэж заасныг давхар зөрчсөн байгаа ч үүнийгээ хүлээн зөвшөөрч чаддагүй.
Хэрэв ёс зүйг хуульчилж байгаа бол энэ хуулийг төрийн бүх шатанд, тэр дундаа улс төрийн албан тушаалтнуудад адил тэгш хэрэглэх ёстой.
Иймээс Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн үйлчлэх хүрээг төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний албан хаагч, төрийн захиргааны албан хаагч, улс төрийн албан тушаалтанд ижил түвшинд хэрэгжүүлдэг байхаар хуулийн хэрэгжих хүрээг өөрчлөх шаардлагатай.
Харин Ёс зүйн дэд хороо, зөвлөлүүд нь өөрсдөө “хууль зүйн мэдлэгтэй, хараат бус, баримтад суурилсан шинжлэн судлах ажлыг бүрэн-үнэн зөв гүйцэд ажиллагаа явуулдаг”, олон талаас мэтгэлцэх боломжийг хангадаг, сонсох ажиллагааг бодитоор хэрэгжүүлдэг болох ёстой. Ингэж чадвал ёс зүйн зохицуулалт нь хүний эрх зөрчдөг хэрэгсэл биш, харин төрийн албаны шударга, хариуцлагатай тогтолцоог хамгаалах механизм болж чадна.

