Байнгын хорооны хуралдаанд Өрхийн, бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлогын хүрээнд холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг тус ажлын хэсгийн ахлагч М.Бадамсүрэн танилцуулав.
Байнгын хорооны энэ оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар тогтоолоор байгуулагдсан тус ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, П.Ганзориг, М.Ганхүлэг, Х.Жангабыл, С.Замира, Г.Лувсанжамц, Г.Очирбат, Б.Пунсалмаа, Д.Үүрийнтуяа, Д.Энхтүвшин, М.Энхцэцэг, Д.Энхтуяа нар ажиллаж, таван удаагийн хуралдаан, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Байнгын хорооноос “Хөгжлийн шийдэл” төрийн бус байгууллагатай гэрээ байгуулж, “Өрхийн, бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарын өнөөгийн байдал, хууль тогтоомжийг шинэчлэх хэрэгцээ шаардлага” сэдэвт судалгааг хийлгэж, судалгааны үр дүнгээс хууль тогтоомжийн өөрчлөлттэй холбоотой санал, зөвлөмжийг боловсруулсан байна. Ажлын хэсгээс Зүүн бүсийн Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгууд, говийн бүсийн Дорноговь аймагт зохион байгуулсан цуврал хэлэлцүүлэгт нийт 200 гаруй иргэн оролцож, 600 гаруй санал ирүүлсэн байна. Энэхүү цуврал хэлэлцүүлгийн саналууд, мөн Монгол Улсын бүс нутаг бүрд бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа эрхэлж буй 880 жижиг, дунд бизнес эрхлэгчдээс авсан санал асуулгын дүгнэлт, бичил, жижиг, дунд бизнест төрөөс үзүүлж буй дэмжлэгийн талаарх гадаад улс орнуудын туршлагад үндэслэн дараах санал, дүгнэлтийг боловсруулжээ.
Ажлын хэсгийн санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир хөдөөгийн сумдад зах зээл байхгүйгээс жижиг дунд үйлдвэр тогтвортой ажиллаж чадахгүй, үүд хаалгаа барьж байгааг харгалзан тэдний бүтээгдэхүүний борлуулалт, худалдан авалтыг хэрхэн дэмжих талаар асууж хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат энэ чиглэлээр Худалдааны тухай хуулийг шинэчлэн сайжруулахад анхаарч ажиллах нь зүйтэйг зөвлөж, өрхийн эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих “10000 нарны дээвэр” төслийг тодорхой тусгах санал гаргав. Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан Үндэсний баялгийн сангийн Хөгжлийн санд одоогоор хуримтлал бий болоогүй байгаа учир тус сангаас хөрөнгө хуваарилах асуудал хэрэгжих боломжгүй анхаарууллаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Тулга санал дүгнэлт болон тогтоолын төсөлд хуулиас давсан агуулга оруулахгүй байх, Засгийн газарт чиг үүргийнхээ хүрээнд хэрэгжүүлэх боломжтой зүйлсийг даалгах, бүсчилсэн хөгжлийн зарчимд нийцүүлж, цар хүрээг хумих талаар санал хэлэв. Байнгын хорооны дарга С.Ганбаатар Засгийн газраас хэрэгжүүлж байгаа үйлдвэрлэл, бизнес, өрхийн аж ахуйг дэмжихэд чиглэсэн хөтөлбөрүүдэд иргэн хэрхэн хамрагдахаа мэдэхгүй, энэ талаарх мэдээ мэдээлэл хангалтгүй, ил тод бус байгааг цаашид яаж идэвхжүүлэх тухай болон цахилгаан, дулааны үнийг нэмсэн шийдвэр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хэрхэн нөлөөлснийг судалсан, эсэхийг асууж хариулт авлаа.
Мөн тэрбээр төрийн өмчийн хөрөнгөө ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаа, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч тодруулах сонгон шалгаруулалт бүр тухайн төсөл хэрэгжих орон нутагтаа ажлын байр бий болгох зорилго агуулдаг гэдгийг сануулж, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээнд технологийн төвүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлж, үндэсний бүтээгдэхүүнд инноваци шингээх шаардлага байгааг онцолсон юм. Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх өрхийн, бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих талаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тухай тогтоолыг дэмжив. Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжсэн тул Байнгын хорооны тогтоолыг батлагдсанд тооцлоо.
Эх сурвалж: