126 гишүүнтэй шинэ парламентын 9 дэх бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн нэг жилийн хугацаанд нийт 144 хууль, 146 тогтоол бид хэлэлцэн баталсан байна. Үүнээс 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд 66 хууль, 59 тогтоол хэлэлцэн баталлаа.
Энэ удаагийн чуулганаар хүний эрхийн ноцтой зөрчил, хүнд суртал, авлига, албан тушаалын хэрэг бий болох боломжийг үгүй хийж, Засгийн газарт чиглэл болгож 350 орчим хууль дагасан журмуудыг цэгцлэх Улсын Их Хурлын тогтоолыг баталсан.
Намрын ээлжит чуулган эхлэх хугацааг наашлуулж, 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлүүлж, төсөв хэлэлцэх хэлэлцүүлгийн үе шатыг шинээр нэмж 4 байсныг 5 үе шаттай болгож өөрчилж, Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо төсвийн төслийг мэргэжлийн байгууллага, ард иргэдийн дунд олон талын оролцоог хангаж илүү нухацтай хэлэлцэх эрх зүйн орчин бүрдэж чадсан юм.
Чуулганы завсарлагын хугацаанд ард, иргэдэд Улсын Их Хуралаас баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга хийж, тэдний санал бодлыг сонсож ажиллах болно.