15 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Монголын эдийн засгийн форум 2025”-д УИХ-ын гишүүн, ЦХИХХ-ны сайд Э.Батшугар “ДИЖИТАЛ ЭРИН: ХИЙМЭЛ ОЮУН БА ДАТА ДЭД БҮТЭЦ” хэлэлцүүлэгт панелистаар оролцлоо.

Тэрбээр "Дижитал эрин, хиймэл оюун ухааны талбарт Монгол Улсын өрсөлдөх давуу тал бол Монгол залуус юм. Учир нь манай залуус технологийг маш хурдтай эзэмшиж чаддаг, фэйсбүүк хэрэглэгчид 2,2 сая, 4 сая гаруй ухаалаг утас байна. Монгол улсын төлбөр тооцооны 97 хувь нь бэлэн бусаар явж байна. Энэ нь манай залуус хурдан суралцаж хэрэгжүүлж чаддагийг харуулж байна.
Манай улсад дижитал салбарыг хөгжүүлэх бодлогын зорилт байна. Ерөнхий сайд Г.Занданшатар маш тодорхой “Digital first” гэж хэлсэн. Үүнийг амьдралд хэрэгжүүлэх нь чухал бөгөөд хамгийн энгийн жишээ дурдахад 24 цагийн дотор гар утсаараа компани бүртгүүлэх асуудлыг хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэж өгсөн ч хэрэгжилт хангалтгүй байгаа юм.
Монгол Улсын чухал зорилго бол Үндэсний хиймэл дагуултай болох. Засгийн газрын 14 Мега төслүүдийн нэг болж УИХ-аар батлагдсан. Монгол улс Франц улсын “Талес Алениа Спейс” компанитай хэлэлцээр хийгээд явж байна.
Хиймэл оюуныг хөгжүүлэн ашиглаж эхэлснээр эдийн засгийн бүтээмж нэмэгдэж шинэ ажлын байрууд гарч эхэлнэ. Цаашлаад Монгол Улсын мэдээллийн технологийн компаниуд дэлхийн зах зээл дээр өрсөлдөх боломж нэмэгдэх юм" гэв.