Үйл явдал3 мин унших
“Цахимжуулж” явсан хүний хувьд...

Ажлаа хийгээд явж байтал шинээр эмхлэн байгуулагдсан Цахим хөгжлийн сайдын үүргийг болон Түгжрэлийг үндэсний хорооны даргын буюу Түгжрэлийн сайдын ажлыг хавсарган гүйцэтгэх захирамжийг Ерөнхий сайд гаргажээ. Ингээд Цахим яам, Түгжрэлийн үндэсний хороо хоёрыг хэдэн сар чадахаараа хариуцаж, эрвийх дэрвийхээрээ зүтгэв.
Цахим яамны хувьд шинээр байгуулагдсан, мөн технологийн салбар учраас Боловсролын яамнаас тэс өөр соёлтой залуучууд байв. Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгавар бол E-Mongolia платформд төрийн үйлчилгээг цахимжуулан оруулах асуудал байлаа. И-Монголын залуучууд үнэхээр хурдтай, сэтгэлтэй, ажилсаг электрон жаалууд байна. Төрийн нарийн Б.Болор-Эрдэнэ ч үнэхээр дайчин байж, гар нийлэн ажиллав.
Би хувийн хэвшилд тэр тусмаа мэдээлэл, технологийн салбарт амьдралынхаа багагүй цагийг өнгөрөөж Монголдоо сансрын интернэтийг шилэн кабелиар дамжуулан үнийг нь хямдруулж, “Нэг өрх-Нэг компьютер” төслийг Intel, Dell- тэй хамтран хэрэгжүүлж, нэг компьютерын үнийг 600 ам, доллароос 250 болгон бууруулж, Skytel, Unitel, MCS com, MCS electronics, ITzone, Orbitnet, Monsat (Анхны satellite phone болох Iriduim-ийг хэрэглээнд оруулах сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, М.Ганзориг нартай хамтран байгуулсан компани), Skynetwork, Univision (Анхны IPTV) -ийг үүсгэн байгуулалцаж, Гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн даргаар ажиллаж явсан гэдгийг одоо олон хүн санахгүй, мэдэхгүй байх л даа.
Цахим хөгжлийн сайдаар ажиллах энэ хугацаа маань Боловсролын салбарын цахим шилжилт ч хурдан хэрэгжихэд томоохон түлхэц болсонтой хэн ч маргахгүй байх. Ер нь манайд салбар дундын бодлогын зохицуулалт маш сул байдаг. Энэ бол төрийн сул талын нэг. Яагаад Сингапурын Засгийн газрын кабинетын сайд нар нэг яамны сайд хэрнээ нөгөө яамны дэд сайдыг хавсран хийдгийг бид судлах ёстой санагдаад байдаг юм. Боловсролын сайд нь Цахим хөгжлийн яамны Дэд сайд байх жишээтэй. Ийм бүтэц хийгээд үзмээр л санагддаг.
Цахим хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэх хугацаанд би хоёр зүйлийг сайтар ойлгосон юм. Нэгдүгээрт, цахимжилт бол монголчуудын хувьд бусдын тоосонд үлдсэн хөгжлийн хоцрогдлоо маш богино хугацаанд нөхөх боломж, өрсөлдөх чадвар, бүтээмж, хүмүүн капиталаа хөгжүүлэх боломж юм. Бидэнд өөр боломж, өөр эдийн засгийн нөөц уул уурхайг эс тооцвол хомс. Технологи хэдий хэр нэвтэрнэ, төдий хэрээр салбар бүрийн бүтээмж нэмэгддэг жамтай.
Хоёрдугаарт, төр хамгийн бага оролцсон, хамгийн их либералчлагдсан, тэр хэрээр өрсөлдөх чадвар нь нэмэгдсэн салбар бол мэдээлэл технологийн салбар. Үүнийг жишээ нь, төр хамгийн их оролцдог, удирддаг, өмчилдөг эрчим хүчний салбартай харьцуулж үзэх ёстой. Өнөөдөр аль салбар нь хамгийн өрсөлдөх чадвартай, улс орны хөгжлийн мотор болж байгаа дээр бид нэг дүгнэлт хийчихмээр (төрийн оролцоо их байсан, төр өмчилж байгаа Цахилгаан холбоо, Сүлжээ компани хоёрыг эс тооцвол шүү).
Гэтэл бүгдийг төр өмчлөх ёстой, төр хамгийн том менежер байх ёстой гэж ойлгодог бас ухуулдаг улстөрчид нь бид өөрсдөө. Лениний “Зөвлөлт улс дээр цахилгаанжуулалтыг нэмбэл коммунизмд хүрнэ” гэж тархидсан шиг сонсогдож магадгүй ч “цахимжилт дээр либералчлалыг нэмэхэд аль ч салбар өндийгөөд ирэх” нь бол тодорхой харагдаж байна. Цахимжилт +Их өгөгдөл +Хиймэл оюун ухаан. Энэ л биднийг хөгжлийн манлайд хүргэх галт тэрэг болно.

системийн туйлдал ба реформ номын хэсгээс
