Монгол, Катар Улсын Зэвсэгт хүчний хамтын ажиллагааны хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Шийдэмгий шийдвэр-2025” хамтарсан сургууль Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд нээлтээ хийлээ.

Сургуулийн нээлтийн ёслолд ЗХЖШ-ын Сутгалт бэлтгэлийн газрын дарга хурандаа Ц.Төрмөнх, Энхийг дэмжих цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Д.Мягмаржав, Катар Улсын Батлан хамгаалах яамны бие төлөөлөгч хурандаа Файсал Aлманнай нар оролцов.
Монголын талаас энэ удаагийн сургуульд Катар Улсын зэвсэгт хүчний хээрийн сургуульд дэмжлэг үзүүлэгч, хамтран зохион байгуулагч байдлаар оролцож, харуул хамгаалалт, тээвэрлэлт, эмнэлгийн тусламж үйлчилгээ, эсрэг дүрийн баг гэх мэт олон чиглэлд үүрэг гүйцэтгэх юм. Мөн тус сургуулиар Катар Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид буудлагын зэвсэг ашиглах, буудлагын дасгал боловсруулах, явган марш үйлдэх, цэргийн байр зүй, хуягт техниктэй ажиллагааг гүйцэтгэх зэргээр цэргийн мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх юм.