Үйл явдал2 мин унших
МУИС-ийн дэргэд “Англи хэлний мэргэшлийн төв”-ийг байгуулсан нь Монгол, Америкийн түншлэлийн тулгуур болсныг онцлов

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн дарга Х.Ганхуяг, бүлгийн гишүүдийн хамт АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг өчигдөр (2025.08.25) хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Конгрессын төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай морилохыг уриад, сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа нь өндөр түвшний ойр давтамжтай харилцан айлчлалуудын үр дүнд улам бэхжиж буйг тодотгов.

Тэрбээр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен нарын өнгөрсөн онд харилцан хийсэн айлчлалуудыг онцлоод, энэ үеэр хоёр улсын иж бүрэн стратегийн яриа хэлэлцээг анх удаа хийсэн нь хамтын ажиллагаа улам гүнзгийрч буйн илэрхийлэл хэмээлээ.
Түүнчлэн манай улс Боловсролын ерөнхий хуулийг 2023 онд шинэчлэн баталж, сургалтын үндсэн гадаад хэл нь англи хэл байхаар тусгасныг дурдаад, МУИС-ийн дэргэд “Англи хэлний мэргэшлийн төв”-ийг байгуулж, албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэнд баяртай байгаагаа илэрхийлэв. Энэ нь Монгол, Америкийн түншлэлийн тулгуур болсон ард иргэд хоорондын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдэж байлаа.
Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, ноён Ами Бера хэлэхдээ, Монгол Улс ардчиллын замналыг тууштай баримталж, бүс нутагтаа үлгэрлэж буйд баяртай байгаагаа илэрхийлээд нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан хоёр орны харилцааг хэдэн зууны цараагаар харах нь зүйтэй хэмээв. Тэрбээр үргэлжлүүлэн, ардчилсан тогтолцоог бэхжүүлж, эрх зүйт ёсыг бататгах, эдийн засгаа төрөлжүүлэхэд чиглэсэн олон талт харилцааг эрчимжүүлэхэд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа онцлох үүрэгтэй гэлээ.

Уулзалтын үеэр УИХ дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн дэд дарга Д.Ганмаа, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, энэ талаарх бүх нийтийн боловсрол, ойлголтыг нэмэгдүүлэх сайн туршлагын талаар хөндөж, анагаах ухааны салбарын төлөөлөл болсон гишүүдтэй санал солилцсон юм. Мөн талууд эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа, ирэх жилүүд дэх боловсролын системийн чиг хандлага болон ил тод, сайн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр нээлттэй ярилцлаа. Энэ удаагийн уулзалтад УИХ-ын гишүүн, ГБХНХ-ын сайд Т.Аубакир, УИХ-ын гишүүн Д.Ганмаа, Б.Мөнхсоёл, Д.Батбаяр, Ч.Анар нар байлцав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
