УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа Mining Pulse Podcast-ын “Уул уурхайгүй Монголын эдийн засаг” сэдэвт ярилцлагад оролцож, уул уурхайн салбарын тулгамдсан асуудал, хөгжлийн боломж, эдийн засгийн шинэ гарцуудын талаар байр сууриа хуваалцлаа.
Монголын эдийн засаг уул уурхайн бүтээгдэхүүнээс шууд хамааралтай байна!
Тэрбээр хэлэхдээ, "Монгол Улсын эдийн засгийн бүтэц нь уул уурхайн салбар дээр тогтож байна гэж хэлж болно. Тэр дотроо нүүрс, зэс гэсэн 2 нэр төрлийн бүтээгдэхүүний экспорт дээр бид амьдарч байгаа. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ хэлбэлзэх үед эдийн засаг, төсөв яаж хямардаг вэ гэдгийг яг одоо биеэрээ туулаад бас мэдрээд сууж байна. Тухайлбал, эхний 5 сарын байдлаар төсвийн тэнцэл 353 тэрбум төгрөгийн алдагдалд орчихлоо. Өнгөрсөн жилийн хувьд бид энэ оныхоо төсвийг батлахдаа нэлээд өөдрөг төсөөлөлтэй байсан. 2025 оны 5 сарын статистик үзүүлэлтэд уул уурхайн олборлолтын салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл 18% нэмэгдсэн. Тоо хэмжээ өссөн. Гэхдээ үйлдвэрлэлт нэмэгдсэн ч зах зээлийн үнэ буурч, бодит мөнгөн урсгал буурч байна. Тэгэхээр иргэдийн цалин, төсөв, амьжиргаа уул уурхайн салбараас шууд хамаарч байна" гэв.