Үйл явдал2 мин унших
Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын эрсдэл өндөр хэвээр байгаа тул хориог үргэлжлүүлнэ

Тарваган тахал өвчний дэгдэлтийн үед хариу арга хэмжээнд шаардлагатай зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргахаар шийдвэрлэв.
Хөвсгөл аймагт бүртгэгдсэн тарваган тахал өвчний дэгдэлтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдрийн /2025.09.10/ Засгийн газрын хуралдаанаар танилцууллаа.
Тодруулбал
Тарваган тахлын халдвар авсан иргэн "Тарваганы мах идсэн" гэдгээ хэлэхгүйгээр олон эмнэлэгт хандаж, оношилгоог удаашруулах, халдвар дамжих ноцтой нөхцөл байдлыг үүсгэсэн гэдгийг хэлсэн юм.
Анхны тохиолдол буюу Цагаан-Уул сумын иргэн эмнэлгүүдээр нэлээд явсан байна. Ингэж явахдаа "Тарваганы мах идсэн", "Түүхий тарваганы маханд хүрсэн" талаараа огт мэдээлэл өгөөгүй. Энэ үйлдэл нь өөрөө эмчилгээ оношилгоог удаашруулж ноцтой нөхцөл байдлыг үүсгэсэн.
Улмаар комд орсон үед нь ар гэрийнхэн нь "тарваганы мах идсэн байна" гэх мэдээллийг хэлснээр мэдэж, онош батлагдсан. Энэ хооронд сумынхаа эрүүл мэндийн төв, аймгийн нэгдсэн эмнэлэг, эрчимт эмчилгээ зэргээр эмнэлгийн ажилчид дотоод халдвар авах ноцтой байдал үүссэн байна.
Тарваган тахал ямар ноцтойг монголчууд бид бүгдээрээ мэднэ. Тарваган тахлаас сэргийлэх гол алхам бол голомттой газруудад тарвага агнахгүй байх, халдварыг цааш дэгдээх вий гэсэн болгоомжлол сэрэмж чухал гэдэг нь харагдаж байна" хэмээн сэрэмжлүүлэв.
Мөн "Нэгдүгээр зэргийн хавьталтай 110 иргэнийг хяналтад авсан
Халдварын эрсдэл өндөр хэвээр байгаа учраас УОК, аймгийн Онцгой комисс хатуу дэглэм тогтоосон хэвээр байна. Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа болон худалдаа, аж үйлдвэрийг зогсоосон. Ингээд есдүгээр сарын 15-н хүртэл Хөвсгөл аймгаас гарах хөдөлгөөнийг бүрэн зогсоосон.
Бид Улаанбаатар хотоос явуулын баг илгээсэн. Мөн хоёр явуулын лабораторийг илгээгээд байна. Ингэснээр 72 цагийн дотор хариу гардаг нян судлалын шинжилгээг хийж, тарваган тахлын халдвартай эсэхийг шуурхай илрүүлж хорио цээрээс гаргах асуудлыг судалж байгаа. Хөвсгөл аймагт ХӨСҮТ, НЭМҮТ, Зоонозын үндэсний төв бүтэн багаараа очиж ажиллаж байна"
гэлээ.
Засгийн газрын хуралдаанаас
Дэгдэлтийн үед хариу арга хэмжээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, хүний нөөц бүрдүүлэх, бэлэн байдлаа ханган ажиллах, хариу арга хэмжээнд шаардлагатай зардлыг сайдын багцаас санхүүжүүлэхийг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд даалгалаа.
Тарваган тахал өвчний хариу арга хэмжээний нөөцийн бэлэн байдлыг ханган оношилгоо, эмчилгээний чадавхыг сайжруулж, авто тээврийн шалган нэвтрүүлэх цэгүүдэд тавьж буй хяналтыг чангатгаж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.
Хөвсгөл аймагт 2025 оны есдүгээр сарын 09-ний 20:00 цагийн байдлаар гурван тохиолдол эмнэлзүйн шинж тэмдэг, тархвар судлал, лабораторийн молекул биологийн шинжилгээгээр эерэг гарч, нэг хүн нас барж, хоёр хүний биеийн байдал дунд зэрэг байна.
Батлагдсан гурван тохиолдлын нэгдүгээр хавьтлын 104 хүний 56 нь эмнэлэгт, 46 нь гэртээ тусгаарлагдаад байна.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

