Үйл явдал5 мин унших

Суут их эрдэмтэн Ринчений Барсболдыг сүүлчийн замд нь үдлээ

Суут их эрдэмтэн Ринчений Барсболдыг сүүлчийн замд нь үдлээ

Өнөөдөр 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр суут их эрдэмтэн, палеонтологич Ринчений Барсболд академичийг сүүлчийн замд үдэх ажиллагаа Соёлын төв өргөөнд даруухан атлаа ёслол төгөлдөр, гүн хүндэтгэлтэй болж өнгөрлөө.

Монголын шинжлэх ухааны гэрэлт ноён оргилуудын нэг, дэлхийн палеонтологийн шинжлэх ухааны шилдгүүдийн дотор дээгүүр суудалтай, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, төр, нийгмийн зүтгэлтэн, суут их эрдэмтэн, академич Р. Барсболд XVII жарны модон могой жилийн намрын тэргүүн сарын шинийн 5-ны өдөр 90 насандаа таалал төгсч, монголын болон дэлхийн шинжлэх ухаанд нөхөж баршгүй хүнд гарз тохиосон юм.

Таныгаа ингэж ажил үүргээ хэвийн сайхан гүйцэтгэж байгаад, урьдын л адил цэмбийтэл алхаж яваад гэнэтхэн нэг өдөр хамтран зүтгэгч, найз нөхөд биднийгээ үүрд орхиод одно гэж даанч бодсонгүй явж дээ, харамсаад баршгүй. Монголын оюуны орчилд их том орон зай хоосроод үлдлээ. Миний сэтгэл оюунд Та ямар том байр суурь эзэлж байсныг одоо л мэдэрч эхэлж байх шиг байна, би. Түмэн олон шавь нар нь эрдмийн ажлыг нь тасралтгүй үргэлжлүүлээд явна гэж бодохоор дотор бага ч атугай онгойх юм.

Суут их эрдэмтэн Ринчений Барсболдыг сүүлчийн замд нь үдлээ

Их академич маань 1935 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод нэрт эрдэмтэн Бямбын Ринчений бага хүү болон мэндэлж, улмаар 1959 онд  ОХУ-д дээд боловсрол эзэмшиж ирснээсээ хойш насан эцэслэтлээ эх орноо, шинжлэх ухаанаа хөгжүүлэхийн төлөө 66 жил тасралтгүй нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэсэн цаглашгүй их эрдэмтэн, мятрашгүй эх оронч сэхээтэн, эх орондоо палеонтологийн судалгааны үндэсний эрдэм шинжилгээний байгууллагыг үүсгэн байгуулж хөгжүүлсэн шинжлэх ухааны гарамгай удирдагч, багш сурган хүмүүжүүлэгч хүн байсан билээ. Тэрбээр бас 1990-1992 онд Ардын Их Хурлын гишүүн болон байнгын хорооны дарга,  Монголын Парламентын холбооны орлогч даргаар сонгогдон ажиллаж байсан Монголын төр, нийгмийн зүтгэлтэн хүн байлаа.

Эрдэмтэн хүнийг бүтээлээр нь үнэлэх нь дэлхийн жишиг. Бид ч бас тэр жишгээр Монголын эрдэмтдээ, шавь нараа, өөрсдийгөө харьцуулж үздэг, үнэлдэг болох гээд хичээж явдаг улс. Ингэж авч үзэх юм бол Р.Барсболд академичийн эрдмийн бүтээл дотор  300 орчим эрдэм шинжилгээний өгүүлэл байна. Дийлэнх нь  өндөр эрэмбэтэй олон улсын болон гадаадын эрдэм шинжилгээний тогтмол сэтгүүл, эмхэтгэлд хэвлэгдсэн байна. Тэдгээрий дотор  эрдэмтэн хүн бүтээлээ хэвлүүлэхийн мөрөөдөл болдог алдарт Nature сэтгүүлд эх орондоо хийсэн ажлаараа гурвын гурван өгүүлэл нийтлүүлсэн байдаг. Өөр ийм эрдэмтэн манайд байдаг болов уу? Дэлхийд ер нь хэд байдаг юм бол...? Спортын ертөнцийхэнтэй зүйрлэх юм бол энэ сэтгүүлд зөвхөн олимп, дэлхийн аваргууд л бүтээлээ гаргадаг гэж дэлхийн шинжлэх ухааны томчуул хэлэлцэн ярихыг нэг биш удаа сонссон миний хувьд бурхан болооч академич маань Монголоосоо төрсөн олимп, дэлхийн 3 удаагийн аварга байсан юм даа.

Тэрбээр Монгол Улсын Шинжлэх ухааны академид нэгэн жарны турш эрдэм шинжилгээний ажилтан, үүнээс 45 жилд нь шинжлэх ухааны удирдагч, зохион байгуулагчаар ажиллахдаа Монголын болоод дэлхийн шинжлэх ухаанд үлэмж хувь нэмэр оруулсан гайхамшигт нээлтүүдээ хийж, Монголын палеонтологичдын 4 үеийг өсгөн бойжуулж, түрүүчээс нь дэлхийн энд хүргэсэн гарамгай гавьяатай их эрдэмтэн байлаа.

Тухайлбал, тэрбээр Монгол орны  үлэг  гүрвэлийн 20  орчим  овог төрөл, анги  нэгжүүд, түүний дотор Монгол, Төв Ази, Умард Америк тив газрын  үлэг  гүрвэлийн аймгийн түүхэн хөгжлийн зүй тогтлын чиг баримжаа, холбоо харилцаанд онц чухал  байр  суурь бүхий Ornithomimosauria, Harpymimidae, Oviraptorosauria, Oviraptoridae болон удам төрлийн холбоотой 10 орчим махан  идэшт  үлэг  гүрвэлийн анги бүлгүүдийг  шинжлэх ухаанд анхлан нээсэн суут эрдэмтэн. Цэрдийн галавын махан идэшт үлэг гүрвэлийн хувьсал, хөгжил, төрөл зүйлийн харилцан хамаарал болон эртний амьдралын түүхийн судалгааны бүтээлүүд нь эртний сээр нуруутан амьтдын хувьслын онолыг хөгжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан хүн. Мөн Монгол орны үлэг  гүрвэлүүдийн  түүхэн  хөгжлийн үндсэн шугам нь эх нутагтаа, харин салаалсан шугам нь Умард Америк тивд шилжиж байсныг тогтоосноороо тэрбээр  хоёр тивийн эртний шим ертөнцийн уялдаа холбоо, нүүдэллэлтийн чиг баримжаа, ач холбогдол, Монгол орны эртний экотогтолцоо, амьд ертөнцөд  эзэлж байсан  байр  суурь, нөлөөллийг цоо шинээр гаргаж тавьсан гэж дэлхийн толгой палеонтологичид үздэг юм байна лээ.

Тийм ч учраас түүнийг Дэлхийн  соёлын  зөвлөлийн Альберт Эйнштейны  нэрэмжит  диплом,  ОХУ-ын төрийн дээд шагнал “Хүндэтгэл” одон, Япон Улсын Эзэн хааны “Мандах нар” шагналын “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одон, Сээр нуруутны палеонтологийн олон улсын дээд шагнал “Ромер-Симпсоны медаль”-иар  шагнаж, Дэлхийн гурав дахь ертөнцийн ШУА (TWAS)-ийн жинхэнэ гишүүн, Оросын ШУА-ийн гадаад гишүүн, Азийн Үлэг Гүрвэлийн Холбооны Хүндэт Ерөнхийлөгч, Оросын байгалийн шинжлэх ухааны академийн  жинхэнэ гишүүнээр тус тус сонгосон байна.

Академичийн маань амьд ахуйдаа шинжлэх ухаанд өөрийгөө мөнхөлсөн бас нэг том гавьяа бол шинжлэх ухаан-танин мэдэхүйн ач  холбогдол,  үлэг гүрвэлүүдийн олдворын бүрдлээрээ дэлхийд тэргүүлэх хэмжээний Монгол орны үлэг гүрвэлүүдийн хосгүй олдворын суурь цуглуулгыг бүрдүүлсэн явдал юм.

Үлэг  гүрвэл, эртний  амьтан ургамал, геологи-давхаргазүй судлалд түүний дайтай хувь нэмэр оруулсан хүн дэлхийд тийм ч олон биш гэдэгт би итгэлтэй байдаг бөгөөд энэ бүхний үр дүн, үр нөлөөгөөр эх орны палеонтологийн шинжлэх ухааны нэр хүнд олон улсад тэргүүлэх байранд хүрч очсон гэдэгт өчүүхэн миний бие огт эргэлздэггүй. Өнөөдөр Монгол Улс шинжлэх ухааны олон арван салбар дотроос ганцхан палеонтологийн судалгааны амжилтаараа дэлхийд эхний 3 байрны аль нэгэнд тогтвортой байдаг нь их академичийн маань олон арван жилийн суу ухааны манлайлал, түүний эрдмийн удирдлага дор яваа манай үе үеийн палеонтологичдын нөр их хөдөлмөр, зүтгэлийн зүй ёсны үр дүн гэж би ойлгож явдаг.

Тийм ч учраас дэлхийн шим ертөнцийн хувьсал, хөгжлийн түүхийг судлах, Монгол Улсад палеонтологийн шинжлэх ухааныг үүсгэн хөгжүүлэх үйлсэд академич Р.Барсболдын оруулсан онцгой хувь нэмэр, бүтээл, туурвилыг төр засгаас өндрөөр үнэлж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, Төрийн соёрхол, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол тус тус хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын болон бусад ойн медалиудаар шагнасан юм.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Ринчений Барсболд Таны мятрашгүй шинжлэх ухаанч, хатуу зарчимч, эгэл даруу, нөхөрсөг, ажилч хичээнгүй зан чанар, бүтээлч үйл хэрэг, дэлхийн болоод Монголын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан онцгой хувь нэмэр бид бүхний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

Үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчид, найз нөхдөд нь Монгол Улсын Их Хурлын гишүүд, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн гишүүдийн нэрийн өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлье.

Эх орныхоо ариун хөрсөнд амгалан нойрсдоо, их эрдэмтэн ах минь.

Эх сайхан Монгол орондоо эргэж хурдан төрөх болтугай.

Ум маани бад ми хум.

УИХ-ЫН ГИШҮҮН, АКАДЕМИЧ Д.РЭГДЭЛ

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Хүний эрхХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2017
  2. 2016
  3. 2014
  4. 2013
  5. 2012