#Коммент2 мин унших
Боловсролын салбарын цалин, хөлсийг нэмэгдүүлэх саналыг Засгийн газарт хүргүүлж байна

УИХ-ын гишүүн Н.Алтаншагай 2026 оныг "Боловсролыг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан, боловсролын салбарын ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг онцгойлон авч үзэж, шаардлагатай эх үүсвэрийг нэмэгдүүлэн 2026 оны Улсын төсөвт тусгах саналыг УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатын санаачилсан саналд нэгдэж Засгийн газарт УИХ-ын гишүүдийн хамтаар хүргүүлж байна.
Боловсролын салбарын ажилтан, албан хаагчдын зүгээс цалин хөлсийг 3.5 сая төгрөгт хүргэх санал, шаардлага гаргаад сар гаруй хугацаа өнгөрч байна.
Улмаар тэмцэл улс орныг бүхэлд нь хамарч цэцэрлэг, сургуулийн багш нар ажил хаяад буй.
Гэсэн хэдий ч хүлээлтэд хүрсэн үр дүн бус 10-15 хувь нэмэгдүүлэх буюу 150 орчим мянган төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтойг Засгийн газрын зүгээс мэдэгдсэн юм.
Монгол Улсын хөгжлийн суурь салбар мэдээж боловсрол. Гэвч өнөөдөр цалин бага, хэт их ачаалалтай бодит шалтгааны улмаас монголын багш нар солонгост руу хар ажил эрхлэхээр гарч байна.
Боловсролын ерөнхий газраас 2025-2026 оны хичээлийн шинэ жилд багшийн 3,324 ажлын байрны сул орон тоо зарлагджээ. Үүнээс нийслэлийн хэмжээнд 1,590, хөдөө орон нутагт 1,727 багшийн сул орон тоо зарлагдав.
Багш нарыг тогтвортой ажиллах боломжоор хангах нь Засгийн газрын үүрэг. 2026 оныг Боловсролыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулж салбарын хүндийг үүрч яваа багш нарын цалинг хэмэх асуудлыг нэгмөр шийдүүлэхээр ийнхүү багш нар ажил хаялт зарлаж, тодорхой төлөөллүүд төрийн ордны өмнө тайван жагсаал хийж байна.
УИХ-ын гишүүн Н.Алтаншагай “Манай Улсын боловсролын салбарын багш, ажилчид маш хүнд нөхцөлд ачаалал ихтэй ажиллаж ирсэн. Авсан цалин нь амьдралд нь хүрэлцэхгүйн улмаас маш олон багш нар гадаадад гарч хар ажил хийж амьдарч байна. Сонгинохайрхан дүүргийн багш нартай хийсэн уулзалт болгон дээр үлдсэн хэдэн багш нар нийгмийн баталгаагаа сайжруулаад өгөхийг хүсдэг.
Бид чанартай боловсролыг Монголын ирээдүй болсон сурагчдадаа өгөхийн тулд багш нарын нийгмийн баталгааг сайжруулах хэрэгтэй. Миний хувьд тэдний дуу хоолойг сонсож, зовлон жаргалыг мэдэхийн хувьд цалин, хөлсийг нэмэгдүүлэх нь зөв гэдэгт санал нэгдэж байна" хэмээв.


Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн


