Байр суурь2 мин унших
С.Одонтуяа: Хар тамхи, мансууруулах бодисоос залуучуудаа хамгаалах,урьдчилан сэргийлэх хуулийг хэзээ өргөн барих вэ?
УИХ-ын чуулганы /2025.10.25/-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ болон хууль бус эргэлттэй холбоотой асуудал байгаа. Өнөөдөр Монгол Улс дамжин өнгөрүүлэх орноос, хэрэглэгч орны тоонд орсон гэмт хэргийн тоо 25-30 хувь жил бүр өсөж байна. Гэмт хэрэгт холбогдогчийн 66 хувь нь 18-30 насны залуучууд байгаа. ХЗДХЯ энэ асуудалтай хэрхэн тэмцэж, урьдчилан сэргийлэх вэ, хуулиа хэзээ өргөн барих вэ. Манайд дандаа гэмт хэрэг гарсан хойно нь тэмцээд мөнгө зараад л байгаа. Үүнээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, сэргээн засах асуудал хуулийн төсөлд орж байгаа юу. Ялангуяа энэ асуудалд холбогдож байгаа албан тушаалтнууд, худалдан борлуулж буй албан тушаалтны ялын бодлогыг чангатгаж чадаж байгаа юу? Өмнө О.Алтангэрэл сайдтай богино хугацаанд нэлээн сайн ажиллаж байсан. Ер нь ТЕГ, ЦЕГ боломжоороо ажиллаад байгаа. Гэхдээ гэмт хэрэг гарсан хойно нь ажиллаад байна. Урьдчилан сэргийлэхгүй юм уу, донтолтын донтсон хүмүүсээ сэргээн засах асуудалд анхаарахгүй юм уу. Шоронжуулсан бодлого яваад байж болохгүй.

Л.Мөнхбаатар сайд надад юу гэж амласан бэ гэхээр СЭМҮТ-ийн хашаанд донтсон хүмүүийн Сэргээн засах төвийн барилгын зураг төсөв энэ төсөвт орсон байгаа гэж хэлсэн. Та сайд болоод энэ төсвийг хасчихгүй биз дээ. Энэ хөтөлбөрт ердөө 67 сая төгрөг туссан. Энэ бол хангалтгүй мөнгө. Тийм учраас үүнийг нэмэгдүүлэх саналаа ажлын хэсэгт өгсөн. Боловсон хүчин байхгүй, сэтгэл зүйчид хангалтгүй байн. Санамсаргүй нэг удаа хэрэглэчихсэн хүмүүс хэнд, хаана хандаж туслалцаа авахаа мэдэхгүй байна. Бусад оронд энэ асуудлаас яаж салгах вэ, яаж гарах вэ гэж ярилцдаг, ийм төвүүд байдаг. Манайд ийм уулзах газрууд байхгүй байна.
Өмнөд Солонгос хар тамхи, мансууруулах бодисын хилээр хориглосон бүтээгдэхүүний жагсаалт нь маш хурдан өөрчлөгдөж байдаг. Манайх энэ орнуудын жагсаалтыг ч гэсэн аваад хурдтай хийхгүй бол, энэ хилээр янз бүрийн бүтээгдэхүүнүүд их орж ирж байна.
Сэтгүүлч Ц.Соёлмаа


