Байр суурь3 мин унших
М.Бадамсүрэн: Засгийн газар гишүүдийн боловсруулсан хуулийн төслүүдэд болж бүтэх талаас нь саналаа өгдөг байх хандлагын шинэчлэл хийх шаардлагатай
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны /2025.10.24/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүний боловсруулсан хуулийн төслүүд дээр Засгийн газар саналаа өгөх бодит нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлж дараах асуултуудыг холбогдох албаныханд тавилаа.
Зөвхөн улсын болоод орон нутгийн төсөвт найдахаас гадна Үндэсний баялгийн сангийн хуулийг амилуулах, үүний үр өгөөжийг ард иргэдэд хүргэх гэдэг асуудлыг төсөвтэйгөө хамт авч явах маш чухал. Газрын тосны орлогыг орон нутагт нь олон улсын зарчмын дагуу хуваарилах тухай хуулийн төслийг зүүн болон говийн бүсийн гишүүдтэй хамт санаачилж ЗГ-аас санал авсан юм. Гурван асуудалд "болохгүй" гэсэн хариулт ирүүлсэн байна лээ.
Гүйцэтгэх засаглал аливаа зүйл рүү тэмүүлэх, гацаа үүсгээд буй, тохируулга хийх шаардлагатайтай зүйлс дээр болох талаас нь саналаа өгдөг байх энэ чиглэлд реформ хийхгүй бол байгууллагын нярав шиг падаан нь бүрэн, өр ширэнд орохгүй, хариуцлага алдахаас айсан байдалтай хуулийн төсөлд санал өгдөг юм билээ. Энэ хуулийн төсөл болно гэдэг хариуг өгч буй байдал нь маш цөөн.

Дараагийн хууль нь Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг УИХ-ын гишүүдийн хамт санаачлаад, ЗГ-т санал авахаар хүргүүлчихсэн байгаа. Хүүхдийнхээ төлөө энэ хууль дээр болох талаас нь саналаа өгөөрэй.
Энэ нь Үндэсний баялгийн сантайгаа уялдаж байгаа юм. ҮБС-ийн Ирээдүйн өв сангийн валют хэлбэрээр хадгалж байгаа хөрөнгийг санхүүгийн эргэлтэд оруулах замаар хүү бодож арвижуулж байгаа энэ арвижуулсан хүүгийнх нь 50-аас доошгүй хувийг хүүхдүүдийнхээ хөгжилд зориулъя гэдэг агуулгаар Баялгийн сангийн хуулийн 1 заалтад нэмэлт өөрчлөлт оруулж байгаа.
Үүнийг хичээнгүйлэн дэмжээд өгөөрэй. Хэрэв татгалзвал дараагийн чуулган дээр тухайн албан тушаалтнаас татгалзаж буй шалтгааныг асуудаг ийм жишгийг болгох нь зөв гэж үзэж байгаа.
Гуравдугаарт Жижиг, дунд бизнесийг дэмжих талаар хуулийн төсөл боловсруулаад явж байгаа. Үүн дээр мөн л болох талаас нь ажиллаарай.
ЖДҮ сан одоогоор 300 сая хүртэлх дүнд зээл олгодог. Бичил гэдэг ангиллаар өгдөг боловч Жижиг дунд сан гэсэн нэртэй. Жижиг, дунд корпорацийг тусад нь байгуулах хэрэгтэй. Хэрхэн санхүүжих вэ гэхээр ҮБС-ийн Хөгжлийн санд төвлөрч байгаа хөрөнгийн 50-аас доошгүй хувийг энэ сан руугаа оруулж жил бүр уг сангаа арвижуулдаг байх ёстой.
Далай яагаад том байдаг вэ гэхээр гол горхи жижиг гэж голохгүй хүлээж авдагтаа л том байдаг. Түүнтэй адил сан өөрөө жил бүр нэмэгдэж явж байдаг болохоос нэг удаа төсвөөс гаргадаг байж болохгүй. Тэгэхээр болох талаас нь саналаа өгөөрэй. Энэ боломжтой юу гэдгийг Сангийн яам, ГБХНХЯ, ЗГХЭГ болон Монголбанкнаас хариултаа авъя.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

