Үйл явдал2 мин унших
ХЭҮК Замын-Үүд суманд ажиллалаа

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж, Замын-Үүд боомт, өрхийн эрүүл мэндийн төв, Түр хамгаалах байр, Цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх, саатуулах байр, Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд хяналт шалгалт хийж, ажил хаялтад оролцож буй багш нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Мөн Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийн төслийг иргэд олон нийтэд танилцуулж санал авч, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хууль, хяналтын байгууллагуудын дунд хэлэлцүүлэг өрнүүлж, Замын-Үүд сумын иргэдтэй уулзаж санал солилцлоо. Иргэдийн зүгээс cумын ундны усны хүрэлцээ, засмал зам, хогийн цэг, хүнд даацын авто машины зогсоолгүй, тоосжилт их. Хүүхэд, залуучууд, ахмад настан чөлөөт цагаа өнгөрөөх газаргүй. Тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагууд сумын төрийн албан хаагчдын томилгоонд нөлөөлдөг. Төрийн албан хаагчдыг ойр ойрхон сольдог. Сумын төсөв хүрэлцээгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтэц хүртээмж, хаягжилт муу учраас эмнэлэг, онцгой байдлын дуудлагаар очиход хүндрэлтэй зэрэг тулгамдсан асуудлаа танилцуулж шийдвэр гаргагчдад хүргэхийг сануулж байв.

Харин сумын удирдлагууд, суманд төсөв мөнгө хүрэлцээгүй, Хүүхэд хамгааллын байрны асуудлыг аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар бүрэн хариуцах, Өрхийн эмнэлэг өөрөө өөрийгөө санхүүжүүлж, байрны асуудлаа шийдвэрлэж чаддаггүйн улмаас сумаас татаас авдаг нь сумын төсөвт хүндрэл учруулж байна. Мөн БНХАУ руу эмчилгээнд яваад өвчний улмаас нас барсан монгол иргэдийн цогцосыг эх орондоо авч ирэх, тээвэрлэхэд гарч буй зардлыг шийдвэрлэх, сум дэд бүтэц, хог, замын хураамжаа өөрсдөө шийдвэрлэх хэрэгтэйг онцоллоо.

Халдвартын эмнэлэг барих, ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн дунд, ахлах ангийн хичээлийн байр, бага сургуулийн спорт заалыг шинээр барихаар төсөвт тусгасан. Сум доторх 28.5 км замыг шинээр барих, бүх сургуульд ус цэвэршүүлэгч суурилуулах ажлыг хийж байна. Том тэрэгний зогсоолын асуудалд сумаас анхаарч 20 га газарт 1000 автомашины зогсоол хийхээр төсөл сонгон шалгаруулалтын ажлыг эхлүүлсэн тухай мөн танилцуулсан юм.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
