#Коммент2 мин унших
С.Одонтуяа: Багш, эмч нарын цалинг нэмэх тал дээр хатуу байр суурьтай байгаа, төсөвт хэрхэн орлого нэмэгдүүлэх талаар саналаа өгсөн

Ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын 20 гаруй мянган багш нар цалингаа нэмэхийг шаардаж, энэ сарын 16-наас эхлэн хугацаагүй ажил хаялт зарлаад 12 дахь өдрөө үргэлжилж байна.Багш, эмч нарын цалинг нэмэх боломж, гарцын талаар гишүүд байр сууриа илэрхийлсээр байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Одонтуяа дараах саналыг хэллээ.
Тэрээр, Инфляцын түвшин өндөр, юмны үнэ нэмэгдсэн, валютын ханш өөрчлөгдсөн. Багш нарын өмнө нь авч байсан цалинг нь долларт шилжүүлээд үзэх юм бол бараг цалин нэмэгдэх биш, өмнөх авч байсан цалингаа л бараг авах гээд жагсаад байгаа юм.. Тийм учраас багш, эмч нарын цалинг яаралтай нэмэх шаардлагатай. Үүнийг шийдэхгүй орхих юм бол асар их дайжилт явагдана. Энэ салбарт хүмүүс ажиллахгүй өөр салбарт орж, гадагшаа олноороо явж байна. Багш, эмч нарын цалинг нэмэх тал дээр хатуу байр суурьтай байгаа. Төсвийн байнгын хороон дээр орлогоо хэрхэн нэмж болох талаар хэд хэдэн санал өгсөн. Төсвийн зарлага хэтэрчхээд байна.
Мөн төсвийн номыг олон хоног уншиж, судаллаа. Тухайлбал,ТӨК-удын хөрөнгийн орлого гэдэг дээр 2026 онд 1 тэрбум төгрөгийг улсад төвлөрүүлнэ гэжээ. Үүнийг шууд нэмэгдүүлэх шаардлагатай гэж саналаа ажлын хэсэгт хүргүүлсэн. Өмнө нь ТӨК-иуд 2024, 2025 онд 6-7 тэрбум төгрөг улсад төвлөрүүлдэг байсан, энэ орлогыг 20 тэрбумд хүргэх ёстой. Өнөөдөр бид нар төрийн ачааг хөнгөлье, төрийн хийж байгаа бизнесийг хувийн хэвшил рүү шилжүүлье, ашиггүй ажиллаж байгаа хувийн ТӨК-удыг хувьчилъя гэж яриад байгаа биз дээ. Гэтэл 2026 онд дээрх компаниудаас ганцхан тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж ярьж болохгүй. Энэ чинь зарим хувийн компанийн бараг нэг өдөр төлдөг л татвартай тэнцэх мөнгө. Тиймээс төсөв дээр орлого нэмэх боломжийг судалж, оруулж ирэх шаардлага байна.
Харин ирэх оны төсөвт Монгол Улсын нийт төрийн албан хаагчдын цалинд 8.3 их наяд төгрөг төсөвлөсөн байгаа юм. Гэтэл багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгож 6.1 их наяд төгрөг зарцуулснаар энэ нь Монгол Улсын нийт төрийн албан хаагчдын цалингийн төсвийн 73.1 хувийг эзлэхээр байгаа аж. Боловсролын яамны мэдээлснээр, багш нарын цалинг 2026 оны эхний хагаст 2 сая төгрөг, 2026 оны сүүлийн хагаст 2.5 сая төгрөг болгон энэ мэт шат дараатай нэмж 2028 он гэхэд 3.5 сая төгрөг болгох тооцооллыг гаргасан байна.
Тиймээс Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос шаардсанаар багшийн цалинг шууд 3.5 сая төгрөг болгох боломжгүй учир хэлэлцээ хийх боломж олгохыг уриалсан ч үр дүнд хүрсэнгүй.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

