Үйл явдал2 мин унших
М.Бадамсүрэн: Гишүүдийн 12 сарын тэтгэмжийг хүчингүй болгох иргэдийн гомдлыг шууд шийдвэрлэх нь зүйтэй

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр (2025.11.04) Төрийн байгуулалтын байнгын хороотой хамтран хуралдаж, Монгол Улсын Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийн “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, ... олгоно." гэсэн заалтыг хүчингүй болгох тухай нийтийн өргөдлийг хэлэлцлээ.
Иргэн Ц.Батболд энэ асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай нийтийн өргөдлийг 2025 оны есдүгээр сарын 24-ний өдөр petition.parliament.mn цахим системээр гаргасныг 30 хоногийн хугацаанд 100467 иргэн дэмжжээ.
Тэрбээр өргөдөлдөө дээрх заалт Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийг зөрчиж давуу байдал олгосон гэснийг Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, О.Саранчулуун нар өргөдлийг дэмжиж байгаагаа хэлж, асуудлыг судалгаа тооцоотой шийдвэрлэх нь зүйтэй гээд, энэ мэт өөр олон асуудлыг иргэд, олон нийт гаргаж ирж, санаачлан батлуулаасай гэж хүсэж байгаагаа дурдав.
Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг иргэдээс санаачилж, дэмжсэн уг асуудлаар Байнгын хороодын хамтарсан ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг танилцуулахад ийм тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулалгүй, шууд өргөдлийн дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэсэн зарчмын саналыг Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн гаргасан юм.
Тэрбээр "Нэгт, Монгол Улсын иргэн Цогбадрахын Батболдын санаачилж, 100,0 гаруй мянган иргэн гарын үсэг зурсан УИХ-ын гишүүний бүрэн эрх дуусгавар болоход олгодог тэтгэмжийг хүчингүй болгох тухай саналыг бүрэн дэмжиж байгаа.
Иргэд ажилгүй болбол 3 сар хүртэл, УИХ-ын гишүүн болохоор 12 сар хүртэл тэтгэмж авдаг байх нь шударга бус.
Яагаад гэвэл ажил хийж байгаа хүн бүр нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлд ажилгүйдлийн тэтгэмж олгох хувь хэмжээг тодорхой заачихсан. Энэ хуулийн зохицуулалтаараа л явах хэрэгтэй.
Өмнө нь 30 жил ингэж авдаг байсан гээд одоо ч иймээрээ байх ёстой гэсэн үг биш. Өөрчлөлт, шинэчлэлт хийх ёстой.
Хоёрт, ийм тодорхой асуудлыг шуурхай шийдвэрлэхгүй бол парламентын нэр хүнд унана.
Мөн Үндсэн хуулийн цэцэд ч дахин хандаж магадгүй. Тэгвэл өмнө нь тэтгэмж авсан хүмүүс яах вэ гэдэг асуудал ч үүснэ" гэв.
Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба