Үйл явдал3 мин унших
Нүдтэй байх нэг хэрэг, харин сэтгэл зүрхэнд чинь нүд байна уу...

Одоохон...
Үйл явдал3 мин унших

Бид өдөр бүрийн үйл ажиллагаандаа тусгай хэрэгцээт иргэд үүгээр зорчино, үүнийг хэрэглэнэ, орж гарна гэдгийг байнга санах, тийм боломж хангагдаж уу гэдгийг анзаарч байхыг өөрийн дадал болгох ёстой юм билээ. Ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдийн цэцэрлэг, сургуулийн хамрагдалтын асуудал бол хамгийн ойлгоход бэрх, шийдэл гаргахад амаргүй сорилт байдаг.
Өнөөдөр манай улсад 113 мянга шахам хүн хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас 14,600 орчим хүүхэд. Манай багийнхан “Ээлтэй ертөнц” Туяажаргал, “Энэрэлийн түүчээ” Бадмаа, Дарьсүрэн, “Эрхэм нандин сувд” Энхчимэг, “Аутизмд хийсэн аялал” Октябрь нарын цэцэрлэг, өдөр өнжүүлэх төвүүдээр нэг бүрчлэн явж, аль болох олон хүнийг сонсож явлаа.
Миний бие ахалж, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нарыг уриалж, тусгай хэрэгцээт иргэдтэй уулзах гурван сайдын уулзалтыг тогтмолжуулав. Үүний үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн статистик тоо гурван өөрөөр гардаг байсныг нэг болгож авсан. Тоо зөв бол бид хэрэгцээ бүрд тохирсон арга хэмжээ авч, шийдвэр гаргахад ч илүү хялбар болох нь мэдээж.
Бид ер нь энэ асуудлыг хэт ерөнхийлдөг, зовлон бэрхшээлүүдийг нь зөв оношилдоггүй, тийм болохоор зөв шийдэл гаргадаггүй, гаргасан шийдэл, шийдвэрийн олонх нь тэднийхээ асуудлыг шийдэхийн оронд эсрэгээр бүр бухимдлыг төрүүлдэг хуучны муйхар арга барилтай юм байна.
Ялгаатай хэрэгцээт иргэдийн гомдол нь ч маш товчхон: “Яагаад бидний асуудлыг бидний оролцоогүйгээр шийддэг вэ?!”. Асуудлын зангилаа энд л байж. Тусгай хэрэгцээт иргэдийнхээ оролцоог хангаж, тэвчээртэй сонсож, хамтын буюу дундын шийдвэр гаргах нь хамгийн зөв шийдэл. Эцэг эх, асран хамгаалагчидтай нь уулзах, ярилцах...
Тусгай хэрэгцээт иргэддээ төрийн бүх төрлийн буюу эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн болон биеэ дааж амьдрах үйлчилгээг цогцоор нь хүргэх замын зураглал гаргах нь амин чухал гэдгийг бид ойлгож, эхлүүлж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллах хугацаандаа нэлээд дөхүүлсэн юм.
Манайд нэг үеэ бодвол энэ сэдвээр мэргэшсэн хүмүүс, ТББ-ууд бий болжээ. Харин боловсролын буюу тэгш хамруулахын хүрээнд бид Хан-Уул дүүргийн 63-р сургуулийн Захирал С.Эрдэнэбаатар, Баянзүрх дүүргийн 55-р сургуулийн Захирал Ч.Ганбилэг гэх мэт сэтгэл зүрхтэй төрийн менежерүүдийнхээ үгийг сонсож, дэмжих учиртай билээ. Тэдэнд ялгаатай хэрэгцээт хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулж чадах менежмент, технологи, ноу хау, хүнлэг тэмүүлэл байдаг.
“Бүх нийт боловсролын төлөө” ТББ-ын тэргүүн, тусгай цэцэрлэг, сургуулийг дэмждэггүй бүх хүүхдийг зөвхөн энгийн цэцэрлэг, сургуулиар сургах ёстой гэж үздэг, хүний эрхийн гол дуу хоолойн нэг Д.Тунгалагийг би тусгай цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаатай танилцахдаа хамт явахыг урьсан юм. Энэ аяллын дараа тэрээр “Бидэнд хүнд хэлбэрийн тусгай хэрэгцээт хүүхдүүдийг тусгай цэцэрлэг, сургуулиар тэгш хамран сургах шаардлага үнэхээр байдаг юм байна.
Миний төсөөлж байсан тусгай цэцэрлэг, сургуулийн ойлголтыг 63, 55-р сургуулиуд өөрчлөлөө” гэж хэлсэн нь надад бас л нэгийг ойлгуулсан даа. “Нүдтэй байх ч нэг хэрэг, харин сэтгэл зүрхэнд чинь нүд байна уу?” гэсэн үгийг нэгэнтээ харж байсан минь санаанд орсон. Тусгай цэцэрлэг, сургуулиудын менежментийн зөвлөх баг гаргаж, тэгш хамруулан сургах үндэсний тогтолцооны зураглал гаргах ажлыг одоо дуусгах ёстой. Мэдээж амаргүй ажил. Гэхдээ заавал хийх ёстой ажил. Мөн тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан ганцаарчилсан хөтөлбөрийг гаргах ажлыг ч эхлүүлсэн.
МУБИС-ийн Батжаргал, Эрүүл мэндийн яаманд энэ асуудлаар олон жил ажилласан Солонгоо эмч, мөн ТББ- ын төлөөллүүдийг тэвчээртэй сонсоход л зөв шийдлүүд гарна. Энд ойлгосон, мэдсэн туршлагаараа хожим Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт шилжсэнийхээ дараа хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг агентлагийн даргаар анх удаа томилон ажиллуулсан юм. Сайшаал, шүүмжлэл аль аль нь арвин байсан. Шийдвэр зөв, буруу байсныг цаг хугацаа харуулах биз ээ. Хүний болохоосоо болохгүйг хүртэл туулсан зам бүхэн туршлага болон үлддэг...
СИСТЕМИЙН ТУЙЛДАЛ ба РЕФОРМ номын хэсгээс …
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар богинохон ч гэсэн жил хүрэхгүй хугацаанд тусгай хэрэгцээт иргэдийнхээ төлөө ямар ажил амжуулсан бэ гэдгээ үргэлжүүлж бичнээ...