Онцлох мэдээ2 мин унших

С.Бямбацогт: Амралт, бүтээмж хоёр адил тэнцүү байх ёстой!

С.Бямбацогт: Амралт, бүтээмж хоёр адил тэнцүү байх ёстой!
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт

Өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Тэгвэл энэ асуудалд УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт цахим хуудаснаа байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр, "Монголчууд бид Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу жилд 9 баяраар 16 өдөр амардаг. Үүн дээр хагас бүтэн сайн өдрийн амралтыг нэмж тооцвол жилийн 365 хоногийн гуравны нэгд нь буюу 119 өдөр нь амарч байна.  Өөрөөр хэлбэл хоёр өдөр ажиллаад нэг өдөр амраад байгаа гэсэн үг.

Яг энэ өдрүүдэд УИХ нийтээр амрах баярын өдрүүд амралтын өдөртэй давхацсан тохиолдолд яаж зохицуулах талаар хэлэлцэж байна. Шулуухан хэлэхэд манай улсад амрах өдөр багадаагүй. Тэр тусмаа Улс тунхагласны өдөр, Монгол бахархлын өдөр, Бурхан багшийн дүйчин өдөр, Эмэгтэйчүүдийн баяр, Хүүхдийн баяр зэрэг баярын өдрүүд амралтын өдөр таарвал ажлын өдрийг нь амралтын өдөр болгон сунгаж амрах нь яав ч зохимжтой биш.

Харин монгол уламжлал, өв соёл, зан заншил, өргөн уудам нутаг дэвсгэртэй зэрэг онцлогоо харгалзаад Сар шинийн болон наадмын баярын амралт амралтын өдөр давхцаж байвал энэ хугацааг сунгаж ажлын өдрийг нь амралтын өдөрт шилжүүлж арай жаахан урт амардаг байх нь зөв болов уу.

Цагаан сараар хөдөө гадаа байгаа аав ээж, ахмад настандаа золгох гээд олон хүн орон нутгийг зорьдог. Амрах давчуу цаг хугацаанд шахагдаад яаруу сандруу явах, холын замд хурд хэтрүүлэх, аваар осол гаргах гээд асуудал их гардаг. Наадмын өдрүүдэд ч гэсэн нутагтаа очоод наадамлах, үр хүүхдээ агаар салхинд гаргах гэсэн хүмүүсийн цуваа ихэсдэг. 

Тэгэхээр Цагаан сар болон наадмын баярын өдөр амралтын өдөртэй давхцаж байвал дараагийн ажлын өдрийг нь амралтын өдөр болгож сунгах, харин бусад  баярын өдөр амралтын өдөр таарвал тэр өдрөө л баярлаад өнгөрдөг байх нь амьдралд ойрхон шийдвэр болно. 

Эцсийн дүндээ АМРАЛТ БҮТЭЭМЖ хоёрын харьцаа алдагдвал улсаараа баярлаж, найрлаж, зугаалсан улс л болж хувирна" гэв.

Баяр, НаадамХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2015
  2. 2013
  3. 2012
  4. 2011
  5. 2009