Байр суурь2 мин унших
С.Эрдэнэболд: Аливаа нэг лицензийг өгөхдөө ашиглалт, олборлолт явуулаад эргээд нөхөн сэргээхэд нь анхаарах ёстой!
УИХ-ын чуулганы /2025.12.19/-ний өдрийн хуралдаанаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
Тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон энэ хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Усны ай сав, газар өнгөрсөн хугацаанд хэчнээн хэмжээний тусгай зөвшөөрөл ямар бүс нутагт гарч, эргээд нийгэм, байгаль орчинд ямар хэмжээний мөнгөн хэлбэрээр үнэлэгдэх хохирол гарсан бэ. Ийм судалгаануудыг олон нийтэд сайн гаргаж өгөх зайлшгүй шаардлагатай.
Мөн Дарханы замаар явахад зам зуур маш олон хайрга, дайрга аваад, ухаж дэлбэлээд хаячихсан байгаа. Ингэж сүйтгэсэн асуудалд ямар хариуцлага тооцох вэ. Энэ хууль хэлэлцэж байгаатай холбогдуулаад СХД-ийн иргэн н.Дуламжав гэдэг хүн нэг санал хэлээд өгөөч гэсэн. Туул голын ай, савд асар их хэмжээний барилгын хог хаясан байна. Баруун талын сайжруулсан нүүрс савлаж үйлдвэрлэдэг байсан газрын урд талын хэсэг дээр маш их хэмжээний голын ай саваас хайрга, дайрга авч байна гэж фото зургууд явуулсан. Үүн дээр Байгаль орчны яам, холбогдох хүмүүст нь дуулгаж өгөөч гэсэн юм. Гол нь хууль гараад мөрдөгдөж, хэрэгжих хуулийг ашиглаж амилуулах нь чухал.
Манайд батлагдсан хууль хангалттай байгаа ч, хэрэгжүүлэх,хяналт тавих дээр анхаарах хэрэгтэй. Төвийн бүс Дархан, Сэлэнгэ, Төв аймгаас сонгогдсон. Манай хойд талын аймгуудаас их санал ирдэг. Орон нутагт нь бүх эрх мэдлийг нь өгчихлөөр тодорхой хэмжээний явцуу ашиг сонирхол үйлчлээд байгаа юм биш үү гэж. Аливаа нэгэн лицензийг өгөхдөө зөвхөн усны сан бүхий газраас гадна ил тод байх. Эргээд тодорхой хэмжээний ашиглалт, олборлолт явуулахад нөхөн сэргээх. Энэ нь байгаль орчин экологид хор хөнөөлгүй байх тал дээр нь энэ хууль явах ёстой. Цаашлаад хэлэлцүүлгийн шатанд тодорхой саналуудыг хэлээд явна.
Сэтгүүлч Ц.Соёлмаа



