Үйл явдал1 мин унших
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.12.26) үдээс хойших нэгдсэн хуралдаан боллоо.
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 90 гишүүний 55 нь буюу 61.1 хувийн саналаар дэмжлээ. Үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэхээр нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн болон Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм. Дараа нь Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх буюу 57.8 хувь нь дэмжлээ. Ийнхүү гишүүд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
