Үйл явдал2 мин унших

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хэрэгжихгүй удаж байгаа

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хэрэгжихгүй удаж байгаа

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд татварын хөнгөлөлтүүд, инновацид олгох грант зэрэг гоё заалтууд орсон ч журамууд батлагдаагүй, мөнгөний эх үүсвэр байхгүй зэрэг шалтгаанаар хэрэгжихгүй удаж байгаа.

Энэ ажлын явцын талаар ЦХИХХЯамнаас мэдээлэл авлаа: 

- Хуульд заасан дэмжлэгийг чиглүүлэх үүрэгтэй Үндэсний зөвлөл байгуулагдсан.

- Виртуал бүсийн журам батлагдсан (энд бүртгүүлснээр дэмжлэг авна)

- Виртуал бүсэд компаниудыг бүртгэж эхэлсэн (и-бизнес талбараар)

- Бүртгүүлснээр хөнгөлөлт, бодлогын дэмжлэг авах эрх нээгдэнэ. Мөнгөн дэмжлэг авах боломж одоогоор бүрдээгүй, санхүүжүүлэх эх үүсвэр байхгүй, шалтгааныг нь доор бичив.

- Дэмжлэг үзүүлэх тусгай данс Төрийн санд үүссэн. Гэхдээ тэнд мөнгө байхгүй.

- Тусгай дансанд IT үйлчилгээнээс төлсөн татварын +40% орох заалттай боловч IT-ийн үйл ажиллагаа явуулдаг компаниудын принтерийн худалдаа, магадгүй харьяа гуанзны орлого зэргийг тусад нь ялгаж бодох асуудал тулгарч байгаа. Үүнийг татвар, статистикийн байгууллагууд, СЯ-тай зөвшилцөж, ялган бүртгэж, шийдвэрлэх шаардлагатай.

- Тусгай дансанд ЖДҮ сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, ШУТ сангийн төсвийн 5%-г цуглуулах хуулийн заалттай боловч цаадууд нь өгөхгүй гэдийх маягтай байгаа гэсэн. Уг нь нэгэнт хуулийн заалт байхад автоматаар явах ёстой ч тэгвэл ЗГ-ын тусгай сангуудын тухай хуульд “та гурав 5%-иа тийш нь явуул” гэх агуулгатай заалт нэмүүлчихээч гэж байгаа сурагтай. Үүнийг нэг тийш шийдвэрлэх шаардлагатай.

- Сэндбоксын журмын төслийг яам боловсруулж байгаа, батлаагүй байна. Сэндбоксын дэвшилтэд технологийн жагсаалтад юуг оруулах асуудал нээлттэй хэвээр байна.

- УИХ Инновац цахим бодлогын байнгын хороо байхдаа энэ хуулийг хэрэгжүүлэхэд анхаарал тавих гишүүдийн ажлын хэсэг байгуулсан.

Хэдийгээр Байнгын хороог татан буулгачихсан боловч Ажлын хэсгийг байгуулсан УИХ-ын гишүүд нь байгаа учраас анхаарал хандуулж байна. Ядаж энэ жижигхэн дэмжлэгээ ажиллуулдаг болохгүй бол мануусыг тэ-ээээ-ээр жил ярьж эхэлж байхад ярьж эхлээ ч үгүй байсан Станы орнууд одоо аль хэзээний IT-чдын хувьд татвар, дэмжлэгийн диваажин болчихсон, монголчууд л дэмжлэггүй хэвээр хоцорлоо. IT-г зөвхөн төсөв тойрсон худалдан авалт хэлбэрээр хөгжөөд байвал авилгадаа идэгдэж хатингаршаад монголчуудын дэлхийн зах зээлд гарч бүтээлч залуучуудтай хөл нийлүүлэх мөрөөдөл Монголдоо л лав унтрахад хүрнэ. Тиймээс, төсөвд шигдэхийг биш бүтээмжийг өөхшүүлэх хэрэгтэй байна.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Хууль, эрх зүйХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2016