Үйл явдал2 мин унших
Монгол Улс ардчилсан шинэ үндсэн хуулиа баталсан тэмдэглэлт өдрийн мэнд дэвшүүлье

Төрт улсын хэдэн мянганы уламжлалтай Монгол улсын иргэдээ, Ардчилсан шинэ Үндсэн хууль батлалцсан хуульчид, АИХ-ын депутатуудаа! Та бүхэндээ Монгол Улс Ардчилсан шинэ үндсэн хуулиа баталсны 34 жилийн ойн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэний дараа 430 гишүүн бүхий Ардын их хурал 76 хоногийн турш хэлэлцэж, 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталсан Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг Б.Чимэд голлон боловсруулсан.
Улсад тусгаар тогтнол, иргэнд эрх чөлөө, эрх тэгш байдал, төрд ардчилсан дэглэм тогтоосон шинэ Үндсэн хууль нь тухай үеийн олон улсын жишигт нийцсэн, нийгмийн шилжилтийн үед тохируулсан баримт бичиг учир хожим нэмж засварлах зайлшгүй шаардлагатайг ч Б.Чимэд гуай онцолсон байдаг.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэд хэдэн санал гарч 2000 онд долоон зүйлд өөрчлөлт хийж байсан бол 2008-2019 онд долоон удаа байгуулж, 2011, 2012, 2015 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барьж байсан ч хэлэлцээгүй. Харин хамгийн сүүлд буюу 2019 оны зургаадугаар сарын 6-нд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын өргөн мэдүүлсэн. Уг төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн болон Байнгын хороодын хуралдаанаар 36 удаа 105.9 цаг хэлэлцэж, 2019 оны 11 дүгээр сарын 14-нд эцэслэн баталсан юм.
Тус өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 28.5 хувь буюу 70 зүйлийн 19 зүйл, 36 заалтыг хөндсөн. Эдгээр өөрчлөлтөөр засаглалын хяналт, тэнцлийг хангаж, Засгийн газрын тогтвортой байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлж, нутгийн захиргааны бие даасан байдлыг бэхжүүлэхэд чиглэж, 2000 оны долоон өөрчлөлтийн зургааг нь засаж сайжруулсан юм.
2023 онд Улсын Их Хурлын гишүүд эрх мэдэлтэн, дарга биш, харин ард түмнийхээ элч төлөөлөгч байх тогтолцоог бэхжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлж, сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульдаа тусгасан юм. Төрт улс, үндсэн хуульт ёс, иргэдийн оролцоотой сайн Засаглалыг төгөлдөршүүлэн Монгол улсаа хамтдаа хөгжүүлье!
