Үйл явдал3 мин унших
"Тээмс' буюу боловсролоос хөндийрсөн боловсрол...

МСҮТ нь одоо МБС буюу Мэргэжлийн боловсролын сургууль болсон. Бүр хуучин нэр гэвэл “Тээмс”. Тэгээд энэ нэрийг ашиглавал гарчиг илүү ойлгомжтой болно байх гэж бодлоо.
“Хар ажилчин төрүүлсэн” нь энэ салбарыг 1960-аад оноос эхлэн хөгжүүлж, санхүүжүүлж иржээ. Социалист бүтээн байгуулалтын мэргэжилтнүүдийг энд бэлтгэж байлаа. Гэтэл цаг хугацаа өнгөрөх хэрээр сүүдэртэй тал нь илүү томорсон байдаг.
Бүтээн байгуулалтад гар бие оролцдог, гол ажлыг нугалдаг хэрнээ ажлын хувцас сольж өмсөөд тос, товууд болдог залуусыг “хар ажилчин” гэсэн ангилалд оруулжээ. Дээгүүр албан тушаалтан нь “доошоо” загнадаг хэв маяг тогтсон, хувь хүний амьдрал, сонголт үнэ цэнгүй социалист Монгол оронд энэ нь ямархуу мэдрэмж, траума төрүүлэх нь тодорхой.
Тиймээс ч “тээмс”-д орох нь сайхан хувь тавилан биш, аль л сахилга, сурлага муутай хүүхдүүд л наймдугаар ангиа төгсөөд эрхбиш “гудамжинд гарах”-аас арай дээр сонголт хийж байгаа мэт ойлголт бий болжээ. Гэтэл дэлхий даяар хамгийн үнэ цэнтэй мэргэжилтнүүд байдаг, мөн боловсролын нэгэн чухал түвшин шүү дээ.
Ямар ч улсын эдийн засгийн гол тулгуур бол ур чадвартай ажиллах хүч байдаг. Тэд МБС-аас төрөн гарна. Ур чадвар нь өндрөөр үнэлэгдэнэ. Та бидний ярьж сурсан “алтан гартнууд” энд бий болно. Монголын Мэргэжлийн болон техникийн боловсролын сургууль Боловсролын яаманд хамаарч байгаад 2012 онд Засгийн газрын тогтоолоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд шилжжээ.
МСҮТ- үүдэд 2008-2020 оны хооронд олон улсын донор болон хөгжлийн байгууллагууд, Засгийн газрууд болон хувийн хэвшлээс нийтдээ 234 орчим сая долларын хөрөнгө оруулалт хийсэн нь боловсролын бусад салбаруудтай харьцуулахад асар их хэмжээний хөрөнгө оруулалт байж.
Харин энэ их мөнгө, санхүүжилтийн үр дүн ямархуу байв? Манай улсын хүний нөөцийн бүтээмж, хөдөлмөр эрхлэлт, үйлдвэрлэл, эдийн засгийн өсөлтөд ямар үр дүн авчрав? Үүн дээр удаан бодох ч хэрэг гарахгүй нь харамсалтай.
Сайдын ажил аваад нэн түрүүн барьж авсан ажил болох хуулийн шинэчлэлийн хүрээнд эрдэмтэн, судлаачдын багаар салбарын “онош тавиулсан”. Адилхан боловсрол олгох байгууллага хэрнээ сургууль, их, дээд сургуулиудын хөтөлбөр, үйл ажиллагаатай ямар ч уялдаагүй хаягдсан нь цааш суралцах хүнд асар их бэрхшээл дагуулдаг нь сонин шүү. Мөн суралцах явцдаа жинхэнэ ажлын байранд шаардагдах ур чадвар эзэмшиж чаддаггүй.
Асуудлууд нь юу байж болох бол? Мэргэжлийн боловсролын сургуульд олон асуудал бугшсан байсан. Эхнийх нь энэ салбарыг ХНХЯ-наас БШУЯ- нд шилжүүлэх явцад илрэв. Энэ нь суралцагчдад олгодог тэтгэлгээс “хумсалдаг” болох нь илэрсэн. Мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид огт сурдаггүй буюу “байхгүй” суралцагчид хувьсах зардал, тэтгэлэг авдаг байсан гэсэн үг.
Учир нь суралцагчийг бүртгэх ХНХЯ- ны систем боловсролын салбарын нэгдсэн системтэй холбогддоггүй байжээ. Энэ асуудлыг илрүүлж, шийдсэний ачаар МСҮТ, политехникийн коллежид сурдаггүй 4,800 суралцагчийн регистрийг бүртгэж, төсөвт жил бүр 2.3 тэрбум төгрөгийн хулгай нүүрлэж байсныг таслан зогсоож чадсан юм.

системийн туйлдал ба реформ номын хэсгээс

