#Коммент3 мин унших
Боловсролыг дэмжих лобби бүлгээс салбарын сайдад асуулга тавилаа

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
#Коммент3 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ дахь БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ЛОББИ бүлэг УИХ-ын 2026 оны хаврын чуулганы төгсгөлд байгуулагдсан. Хичээлийн жил эхлэх гэж буйтай холбогдуулан анхаарлын төвд буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэхээр зэхэж буй талаар Боловсролын сайд Л.Энх-Амгаланд “Боловсролын шинэчлэл, сургуулийн хүртээмж”-ийн талаар асуулга хүргүүлээд байна.
Тэд дараах 7 багц асуудалд төвлөрсөн бөгөөд ирэх хариултад тулгуурлан салбарт хийх бодлогын шийдлийг хамтран тодорхойлохыг зорьж байгаа аж.
Хотхоны бага сургуульд сургалтын орчны стандартыг хэрхэн мөрдүүлэх, хэдэн байршилд байгуулах, урсгал зардлын тооцоо, түрээсийн төлбөрийн эх үүсвэр, хувийн хэвшлийн хэдэн сургуульд хэчнээн төгрөгийн хувьсах зардлын зөрүү олгох;
Дунд болон урт хугацаанд сургууль, цэцэрлэгийн анги, бүлэг дүүргэлтийг стандарт хэмжээнд хүргэхийн тулд баримталж буй бодлого, шинээр хэдэн сургууль барих, тэдгээрийн байршлын судалгаа, ачааллыг хэрхэн буурах талаар хийсэн тооцоо, судалгаа;
Төрөлжсөн ахлах сургууль гэдгийг хэрхэн тодорхойлсон, “хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай байгаа дунд шатны техникийн ажилтан, үйлчилгээний ажилтан бэлтгэх сургууль уу, эсхүл сурлага сайтай хүүхдүүдэд зориулсан “ЭЛИТ” сургууль уу гэх ойлголтын эргэлзээг тайлж, сургуулийн сургалтын хөтөлбөр, дадлагын хичээлийн сургалтын орчин, мэргэжлийн багшлах хүний нөөцийг хэрхэн бүрдүүлсэн;
“Цахим шилжилтэд хамгийн их хөрөнгө оруулах” зорилго тавьж, 2027 оны хөгжлийн төлөвлөгөөнд сурагчдыг цахим төхөөрөмжөөр хангахад 640 тэрбум, Хромбүүк үйлдвэр байгуулахад 150 тэрбум, бусад цахим хэрэглээ нийт 810 тэрбум төгрөг төсөвлөжээ. Уртдаа 3-4 жил л ашиглагдах компьютерт их хэмжээний төсөв зарцуулах болсон үндэслэл, дэлхийн тэргүүлэгч орнууд боловсролын цахим, дижитал шилжилтээс татгалзаж байгааг хэрхэн харгалзан үзсэн болох;
Кембрижийн хөтөлбөртэй сургууль байгуулснаар өөрийн орны цөм хөтөлбөрийг үгүйсгэж, төр өөрөө санаачлан боловсролын ялгаатай байдлыг бий болгох нь үндэсний дархлаа алдагдах, дотоодын эрдэмтэн судлаачдын хөгжих боломжийг хумих эрсдэлийг хэрхэн тооцсон, Кембрижийн шалгалтын төвд жил бүр Монгол Улсаас төлөх төлбөрийн хэмжээ, улсын төсөвт ирэх ачааллыг хэрхэн давах тооцоолол;
2027 оны төсөвт мэргэжлийн багш нарыг бэлтгэхэд нэг ч төгрөг төсөвлөөгүй байгааг хэрхэн ойлгох вэ, багшаар хангагдсан уу, бүх түвшний багшлах боловсон хүчний тоон болон чанарын хомсдолын талаар хийсэн судалгаа, тооцооллоо ирэх 5 жилээр гаргаж танилцуулах;
2026 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалтын дүнгээс харахад бүх хичээлийн анхны гүйцэтгэлийн оноо хангалтгүйгээс 18–25 хувийн маш муу үнэлгээтэй төгсөгчид их, дээд сургуульд элсэн орж байгаад хэрхэн дүгнэлт хийж байгаа, цаашид боловсролын чанарыг дээшлүүлэх талаар ямар арга хэмжээ авах талаар албан ёсны асуулга тавиад байна.
Асуулгын үндсэн шинж чанар нь хяналт тавих хэрэгсэл, албан ёсны шаардлагын хувьд Засгийн газар болон сайд нар хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байгаад гишүүн хяналт тавих боломжийг олгодог бөгөөд Ерөнхий сайд хүртэл тогтоосон хугацаанд албан ёсны хариу өгөх үүрэгтэй. Шаардлагатай гэж үзвэл асуулгын хариуг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, гишүүд байр сууриа илэрхийлдэг.
Цаашлаад УИХ-ын гишүүн асуулгын хариуг харьяа Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх санал гаргавал, санал ирснээс хойш 10 хоногийн дотор тус хороо хуралдаанаараа хэлэлцэхээр журамласан нь бий.
Түүнчлэн Асуулгын хариуг ихэвчлэн ээлжит чуулганы хугацаанд сар бүрийн 2 болон 4 дэх долоо хоногийн Баасан гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар сонсож, хэлэлцүүлдэг.

