Сурвалжлага3 мин унших
"Гэрэлт эргэлт" амиа хорлолтоос урьдчилан сэргийлэхэд сургуулийн сэтгэл зүйчдийг чадавхжуулах 2 дахь төслийн нээлт боллоо

Сэтгэлзүй, хүний хөгжлийн шинэ эхлэл төвөөс өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, амиа хорлолтоос урьдчилан сэргийлэхэд сургуулийн сэтгэл зүйчдийг чадавхжуулах “Гэрэлт эргэлт” төслийг Монгол Улс дахь Австралийн Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр 2 дахь удаагаа хэрэгжүүлэх гэж байна.
Энэ төсөл яагаад чухал вэ?
Амиа хорлолт нь 15-29 насны нас баралтын гурав д
ахь гол шалтгаан болж байна,
Өсвөр үеийнхний 70 гаруй хувь нь сэтгэл зүйн тусламж, зөвлөгөө шаардлагатай үедээ хаана, хэнд хандахаа сайн мэдэхгүй байна,
Эмийн хордлогод орсон тохиолдлын 83.6 хувийг 16-30 насны залуус эзэлж, тэдний 56 хувь нь гэр бүлийн маргааны улмаас амиа хорлох оролдлого хийжээ.
Тэгвэл 2024 онд “Гэрэлт эргэлт” төсөл анх хэрэгжсэнээр амиа хорлох эрсдэлтэй 76 хүүхэдтэй сэтгэл зүйчид тулж ажиллаж, эрсдэлээс сэргийлж чаджээ. Энэ бол бага тоо биш. Маш том үр дүн юм.
Сэтгэлзүй, хүний хөгжлийн шинэ эхлэл төвийн гүйцэтгэх захирал Т.Хонгорзул:
Энэ удаад бид 33 сэтгэл зүйч сонгон шалгаруулж авсан бөгөөд нийт 6 мянга гаруй сурагчдад хүрэх зорилт тавиад байна. Энэ бол зөвхөн нэг байгууллагын хэрэгжүүлж буй төсөл биш юм. Үндэсний хэмжээнд хэрэгжсэн, олон мянган өсвөр үеийнхэнд амьдралын гэрэл гэгээ, утга учрыг өгөх, үнэ цэнтэй хөтөлбөр болж өргөжинө гэж найдаж байна.
СЭМҮТ-ийн Сэтгэц, нийгмийн эрүүл мэндийн албаны дарга Н.Алтанзул
Хүний сэтгэцийн эрүүл мэндийг хамгаална гэдэг нь зөвхөн сэтгэцийн эмч, эрүүл мэндийн ажилтнуудын хийх ажил биш юм. Амиа хорлох гэдэг үзэгдэл бол бүх салбарууд, ялангуяа салбар дундын бүх оролцогч талууд идэвхтэй оролцож байж хүн амын амиа хорлолтын түвшинг бууруулах боломжтой байдаг.
“Гэрэлт эргэлт” төслийг дэмжиж оролцож буй шалтгаан маань өнөөдөр төрийн болон төрийн бус байгууллага, сэтгэл зүйчдийн нийгэмлэг , нийгмийн ажилтнууд, үе тэнгийн холбоодууд хамтын дуу хоолойгоо хүргэж чадсанаараа тусламж, үйлчилгээг хүндээ ойртуулах өндөр ач холбогдолтой. Энэхүү төсөл нь хүүхэд, өсвөр үеийнхэнд тусламжийг ойртуулж байгаа гэдэг утгаараа маш үр өгөөжтэй төсөл. Мөн нөгөөтэйгүүр, хүүхэд өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалж дэмжсэнээрээ насанд хүрсэн иргэдийг эмгэг тусахаас урьдчилан сэргийлж байгаа гэсэн үг.
Монгол Улс сургуулийн сэтгэл зүйчдийг ажиллуудаад төдийлөн удаагүй байна. 2024–2025 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 400 гаруй сэтгэл зүйч ерөнхий боловсролын сургуулиудад ажилласан гэх тоон мэдээлэл бий.
Төслийн хүрээнд өнгөрсөн хугацаанд бэлтгэгдсэн 35 сургуулийн сэтгэл зүйчдээр дамжуулан 3655 сурагч, 1700 гаруй эцэг эхийн дунд хүүхдийн сэтгэл зүй, хүнд хэцүү үеэ хэрхэн даван туулах агуулгаар сургалт зохион байгуулснаас 201 эцэг эх, 425 хүүхэд зөвлөгөө, тусламж авч хамтран ажиллажээ.
“Гэрэлт эргэлт” төслийн оролцогч, сэтгэл зүйч Л.Анхзаяа
Хүүхэд хөгжиж буй явцдаа олон асуудал, бэрхшээлүүдтэй нүүр тулдаг. Сэтгэл зүйч хүн амиа хорлолтын асуудалтай хаа нэгэн газар таардаг. “Гэрэлт эргэлт” төсөлд хамрагдахаас өмнөх болон дараах миний ялгаа юу вэ гэвэл маш олон төрлийн, нарийн багаж зэвсэгтэй хүн ажлаа хийхэд ямар байдаг билээ, түүнтэй зүйрлэмээр байна. Багажгүй үед хийе гэсэн сэтгэл байвч, үр дүнд хүрч чаддаггүй байсан. Харин одоо тэр олон багажаа маш сайн ашиглаж чаддаг болсон юм шиг санагддаг.
Хэрэгцээ шаардлага өндөр энэ цаг үед бид улам олуулаа болох хэрэгтэй. Яагаад гэвэл өсвөр насны хүүхдүүдтэй, өөрсдийнх нь хэлээр, өөрсдийнх нь сонирхлоор дамжуулж хүрэх хэрэгтэй байгаа юм. Бид өөрсдийнхөөрөө яваад байвал тэдний хэрэгцээнд нийцэхгүй, бидний тусламж тэдэнд утгаараа хүрч очихгүй байгаа хэрэг.
Хүүхдүүд системтэй зөв мэдээллийг, тохиромжтой байдлаар өгснөөр өөрсдөө нөхцөл байдлаас гарч чаддаг. Хүүхдүүдийн ухаалаг байдал, аливааг олж харах чадвар, сэтгэл хөдлөлөө танин мэдэх чадвар маш өндөр болсон.
Энэхүү төсөл нь Монгол-Австралийн хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ монголын мянга мянган хүүхэд, залуус, гэр бүлүүдэд сэтгэцийн эрүүл мэндийн боловсролд бодит хувь нэмэр оруулахаар гараанаасаа өнөөдөр /2026.08.20/ ийнхүү гарлаа.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
