Байр суурь2 мин унших
Л.Соронзонболд: 484 төсөл арга хэмжээний гүйцэтгэл бага хувьтай байгаа шалтгааныг тодорхойлох хэрэгтэй!
УИХ дахь ЭЗБХ болон Төрийн байгуулалтын байнгын хороодын хамтарсан хуралдаан 2026.03.30-ний өдөр боллоо. Уг хурлаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайлан, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Л.Соронзонболд:
Эдийн засгийн бодлогын хүрээнд ерөнхийдөө тавигдсан зорилтуудын гүйцэтгэл 61,6%-тай гарсан байна. Нийтдээ 484 төсөл арга хэмжээ байгаа. Ийм хангалтгүй гарах гарахад нөлөөлсөн 3 том хүчин зүйлс юу байна вэ?
Цаашдаа төлөвлөлт хэрэгжүүлэлт дээр аль шатад нь ямар хүчин зүйлс нөлөөлснөөс болж иймэрхүү асуудал гарч байна вэ гэдэг дээр дүгнэлт хийсэн үү? Энэ талаар цаашдаа ямар ажлууд зохион байгуулах гэж байна. Эдийн засгийн төрөлжилт либералчлалын бодлогын зорилтууд хамгийн бага гүйцэтгэлтэй буюу 57,9%-тай гарсан байгаа. Үүн дээр ямар асуудал нөлөөлсөн бэ? Юунаас болоод ийм бага гүйцэтгэлтэй гарч байна. 2025 онд ЗГ инфляцын зорилтыг 6 хувьд гэж барина гэж зорилт тавьсан. Гүйцэтгэл 7,5 хувьтай гарсан.
Дэлхийн улс төр эдийн засгийн нөхцөл байдал дайны нөхцөл байдлаас хамаараад энэ инфляцыг тодорхой хэмжээнд удирдаж хянах зайлшгүй шаардлага бий болж байна хэмээн харж байгаа. Өмнө нь бол хэд хэдэн удаа энэ инфляцтай холбоотой ялангуяа нийлүүлэлтийн гаралтай инфляц дээр ЗГ-ын зүгээс ямар ажлууд авч хэрэгжүүлэх гэж байна вэ гэж асуудаг байсан. Та бүхэн зах зээлийн зарчмаар нь явуулна аа гээд байдаг. Гэтэл зайлшгүй бодлогоор тодорхой хэмжээнд удирдах ийм шаардлага хэрэгцээ гарч байгаа. Энэ дээр ямар дүгнэлт хийж байна вэ? Цаашдаа энэ талаар ямар арга хэмжээ авах гэж байна.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан





