Үйл явдал2 мин унших
Багахангай-Хөшгийн хөндийн төмөр замын бүтээн байгуулалт 84 хувьд хүрч, төслийн ажлыг эрчимжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцов

Улаанбаатар хотыг шинэ нисэх буудалтай холбох стратегийн ач холбогдол бүхий Багахангай-Хөшигийн хөндийн чиглэлийн төмөр замын төслийн хэрэгжилт төлөвлөгөөний дагуу урагшилж, нийт гүйцэтгэл 84 хувьд хүрээд байна. Төслийн эхний үе шатны доод бүтцийн ажил 98 хувийн гүйцэтгэлтэй байгаа нь дараагийн шатны ажлыг эрчимжүүлэх нөхцөл бүрдсэнийг холбогдох албаныхан онцолж байна.
Өнөөдөр (2026.04.18) ажлын хэсэг тус төслийн талбайд ажиллаж, бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь танилцлаа.
Багахангай өртөөнөөс Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Хөшигийн хөндий хүртэлх трассын дагуу ажиллаж, голлох бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгалаа.
Тухайлбал, Багахангай өртөөний өргөтгөлийн ажил, 38-42 км-т хийгдэж буй гүн ухмалын газар шорооны ажил, 43 болон 66 км-т баригдаж буй төмөр бетон гүүрийн барилга угсралт, мөн авто замтай огтлолцох хэсгийн ажлын явцтай тус тус танилцлаа.

Мөн энэ үеэр ажлын хэсгийнхэн уг төслийн хэрэгжилтийн явцад тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцлоо. Энэ ажлын хүрээнд бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцлоо.
Энэхүү төмөр замын төсөл нь 2025 оны дөрөвдүгээр сарын 25-нд эхэлсэн бөгөөд нийслэл хотыг олон улсын шинэ нисэх буудалтай төмөр замаар холбож, тээвэр, ложистикийн урсгалыг нэмэгдүүлэх стратегийн чухал дэд бүтцийн шийдэлд тооцогдож байгаа юм. Төслийг хэрэгжүүлэгч “Монголын төмөр зам” ТӨХК-иас бүтээн байгуулалтын ажлыг үе шаттайгаар эрчимжүүлж, төлөвлөгөөт хугацаанд ашиглалтад оруулах зорилт тавин ажиллаж байгааг дарга удирдлагууд, инженер техникийн ажилчид нь онцолж байна.

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн гаргасан 300 тэрбумын МТZ бонд амжилттай арилжаалагдаж дууслаа. Энэхүү бонд нь Монгол Улсад анх удаа төрийн өмчит компани өөрийн хөрөнгөөрөө батлан даан гаргасан, эх үүсвэрээр Багахангай-Хөшигт-Эмээлт чиглэлийн салбар төмөр замын санхүүжилтэд зарцуулагдах бөгөөд цаашид олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас дэд бүтцийн урт хугацаат хөрөнгө оруулалт татаж, энэхүү бондоо буцаан дуудахаар төлөвлөн ажиллаж байна.

Энэхүү санхүүжилтийн арга хэрэгсэл нь Төрийн өмчит компаниудын хувьд шинэ жишиг бөгөөд улсын төсөвт дарамт үзүүлэхгүй төсөл хөтөлбөрийг бизнесийн зарчмаар санхүүжүүлэх мөн олон улсын банк санхүүгийн шаардлага жишигт нийцсэн санхүү болон үйл ажиллагааны үр дүн тайлагнадаг анхны Төрийн өмчит компани болсноороо онцлог юм.
Сэтгүүлч Ц.Соёлмаа

